Юуны өмнө тухайн сэдвээр өгүүлэл бичих хүсэл сонирхолтой байх нь чухал бөгөөд энэ нь судлаачийг эрэл хайгуулд хөтлөх сэдэл болно. Номын сан, номын дэлгүүрээр орох үед эсвэл янз бүрийн мэдээлэлтэй танилцаж байхдаа уг сэдэвтэй холбоотой материалыг эрж хайх оюун санаа, сэтгэл зүйн бэлтгэл бий болно гэсэн үг юм. Таны дэвшүүлсэн шинэ санаа, үндэслэл нь шинжлэх ухаанд хувь нэмэр оруулна гэдгийг хариуцлагатайгаар ухамсарлах хэрэгтэй.
Өгүүлэлд ямар асуудал шийдэх, ямар шинэ санаа дэвшүүлэх вэ? гэдгийг урьдчилан сайтар бодож төлөвлөгөө гаргана. Өгүүлэл бичихээр шийдсэн бол маш их зүйл унших тул цаг хугацаагаа зохицуулах хэрэгтэй болдог.
Сайн чанартай өгүүлэл бол сэдэв, материалын сонголтыг зөв хийхээс эхэлнэ. Сэдвийн томьёолол нь таны судалгаа юунд чиглэж байгааг уншигчдад тодорхой харуулахуйц байвал оновчтой.
Өгүүлэл бичиж хэвлүүлэх ажил ихэвчлэн дараах үе шаттай явагддаг байна.
Бэлтгэх үе: Өгүүлэл бичих төлөвлөгөөгөө гаргана. Зарим тохиолдолд зайлшгүй шаардлагатай материалуудыг уншсаны дараа төлөвлөгөөгөө нарийн боловсруулбал эхний нооргийг гаргахад хялбар дөхөмтэй байж болно. Мөн тухайн сэдэвт холбогдох эх зохиол, материалыг сонгох, цуглуулах нь судалгааг амжилттай дуусгах үндэс юм. Иймд энэ ажлыг төлөвлөхдөө цаг хугацааг тавиу тогтооно. Өгүүллээ хэвлүүлэх сэтгүүлийн зөвлөлөөс гаргасан нийтлэг шаардлагатай урьдчилан танилцах хэрэгтэй.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах бүтэцтэй байх нь нийтлэг. Үүнд:
- Хураангуй
- Удиртгал
- Үндсэн хэсэг
- Хэлцэмж
- Дүгнэлт
- Талархал
- Ном зүй.
Унших: Судалгаанд ашиглах гол эх зохиол, бусад судалгааны материалуудыг сонгож унших хэрэгтэй. Өмнө хийгдсэн судалгааг бүтээлчээр шинжлэн судалгааныхаа асуудлыг тодорхойлж, холбоотой эшлэлүүдийг тэмдэглэнэ. Энэ нь эх зохиолын гол үзэл санаа, онолын үндэслэгээ, баталгаа нотолгоотой баримт, тоон үзүүлэлт, жишээ, кэйс гэх мэт олон төрөлтэй байна.
Энэ үед уншиж буй номынхоо ном зүйн жагсаалтыг харж, цаашид лавшруулан үзэх номын нэрсийг гаргаж болно. Судалгаанд эх зохиолын орчуулгыг биш, анх хэвлэгдсэн хэл дээрх материалаас эшлэсэн байхыг чухалчилдаг. Зарим тохиолдолд эх зохиолын орчуулга, эх бичгийн судалгааг хийх шаардлага үүсдэг. Холбоотой материалуудыг уншиж судлах явцад тэмдэглэл хөтөлж, задлан шинжилсний үндсэн дээр өгүүллийн эх ноорог гарна.
Өгүүллийн ноорог: Өгүүллээ бичиж эхлэх үеэс л найруулгадаа анхаарна. Хэрэв та өөрөө уншигч бол бэрхшээлгүйгээр ойлгохыг хүсэх нь мэдээж. Иймээс өөрийгөө уншигчийн өмнөөс бодож, санаа бодлоо зөв, оновчтой, эмх цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэн бичих чухал юм. Зохиогч нь шинжлэх ухааны хэл найруулгын талаар ерөнхий ойлголттой байж, энэ талаар уншиж судалсан байвал зохистой [шинжлэх ухааны хэл найруулгын талаар http://nairuulga.mn/content/39]. Өөрөөр хэлбэл, эхнээсээ логик сайн, тодорхой, оновчтой бичих нь зүйтэй.
Цуглуулсан материалыг боловсруулаад өгүүллийн бүтцийн дагуу эмхлэн эхний нооргийг гаргасны дараа багш нар, мэргэжлийн хамтрагч найз нөхөд, судлаачидтай санал бодлоо солилцвол бичилт сайжрахад нөлөөлж болно.
Хураангуй: Өгүүллийн хураангуйд судалгааны чиглэсэн гол асуудал, үндэслэгээг илэрхийлдэг. Эндээс сэдвийн логикийг мэдэх бололцоог харуулна. Хураангуйн сүүлчийн өгүүлбэр нь дүгнэлтийн тойм санааг илэрхийлсэн байвал зохино.
Удиртгал: Энэ бол өгүүллийн тоймыг харуулах, сэдвээ танилцуулах хамгийн чухал хэсэг юм. Үндэслэгээ болон юуны тухай өгүүлэх гэж байгааг удиртгалд бичнэ. Судалгааны асуудлыг томьёолж, зорилго, зорилтоо тодорхойлон хамрах хүрээг оновчтой илэрхийлнэ. Энэ нь уншигчдад тус судалгаа ямар асуултанд хариулж байгааг болон цаашид юуны тухай өгүүлэхийг мэдэх бололцоог олгодог.
Удиртгалд судалгаанд холбогдох бүтээлүүд буюу судлагдсан байдлын тоймыг багтааж бичдэг. Иймд уг сэдэвтэй холбоотой гадаад, дотоодод хэвлэгдсэн судалгааны бүтээлүүдэд арга зүйн ач холбогдолтой, онолын ямар дүгнэлт, санал гарсныг харьцуулан шинжилж бичнэ. Бусад судлаачдын арга зүйн давуу болон дутагдалтай тал, философийн үзэл санааны чиглэлийн онцлог зэргийг тодорхойлно. Энэ явцад өмнө судлагдаагүй зүйлийг тодруулна. Мөн өөрийн судалгааны гол үзэл баримтлал, онцлогийг оновчтой тайлбарлаж бичнэ.
Үндсэн хэсэг: Удиртгалын дараа өгүүллийн үндсэн хэсэг буюу бүрэн бүтэн тайлбартай агуулгыг бичнэ. Энэ хэсэгт өөрийн дэвшүүлж буй санааны онолын үндэслэгээг гаргаж, логик учир зүйтэй илэрхийлнэ. Мөн эсрэг онолын чиглэл, хандлага, үзэл баримтлал, үндэслэгээг тодруулан тайлбарлана. Сэдвийн холбогдох асуудлыг сайтар томьёолж тайлбарлах нь нотолгоо, үндэслэгээг бэхжүүлнэ. Өөрийн сэдвийг нотлох жишээ баримт, тохиолдол, ажиглалт болон өмнөх судалгааны үр дүнгийн талаар өгүүлнэ. Хэрэглэж буй гол категори, ойлголт, нэр томьёог цэгцтэй тайлбарлах хэрэгтэй. Бүхэлдээ өмнөх судалгааны үр дүнг урагшлуулсан шинэлэг санааг тодорхой тайлбарлах нь чухал юм.
Өгүүлэлд зохиогчийн үзэл баримтлал, дүгнэлт, санал бүхий хэсэг нь бичвэрийн 80-аас доошгүй хувь эзлэх нийтлэг жишиг байдаг. Гэхдээ энэ нь тухайн сэдвээс хамаарч өөр өөр хувь баланстай байна.
Өгүүллийг бичих явцад бусад зохиогчийн бүтээлээс ашиглахдаа эшлэл, зүүлтийг зааврын дагуу тодорхой бичиж, зохиогчийн эрхийг зөрчихгүй байх ёстой.
Дүгнэлт: Судалгааны үр дүнг хураангуйлах хэлбэрээр товч тодорхой бичнэ. Энэ хэсэг бол судалгааны ажлын ихээхэн мэдлэг, чадвар шаардсан хэсэг юм.
Ном зүй: Ном зүйг “Монгол Улсын Номзүйн бичилт. Ерөнхий шаардлага MNS 5271:2003” болон тухайн өгүүллийг нийтлүүлэх сэтгүүлийн шаардлагын дагуу үйлдэнэ.
Хянан засварлах, дахин боловсруулах: Өгүүллийн эхний нооргийг уншиж засварлах, хянах ажилд нэлээд цаг зарцуулдаг. Эх нооргоо бэлтгэчихээд хэдэн өдөр нээж харалгүй хүлээж байгаад уншвал илүү шинэ санаа оноо гарах нь бий. Эхний удаа утгыг бүрэн илэрхийлэх үнэ цэнтэй зүйлсээ улам нарийвчлан чамбайруулаад, хэрэв шаардлага хангахгүй зүйл байвал дахин нягтлах хэрэгтэй.
Хянан засварлахдаа өөртөө шүүмжлэлтэй хандан, уншигчдын харах өнцөгөөс бодвол сайн. Өгүүлбэр тус бүрээр нягталж, энэ нь чухам юу вэ, яагаад, ямар хамааралтай зэрэг асуултуудыг тавьж уншвал илүү үр дүнтэй. Зохиогч өөрийн эх нооргийг хэдэн ч удаа уншиж засаж болно.
Уг сэдвийн талаар өмнө судалсан өргөн мэдлэг, мэдээлэлтэй судлаач, экспертээс зөвлөгөө авбал ихээхэн тустай байх нь мэдээж. Тэдний зөвлөгөө, шүүмжийг бүтээлчээр тусгаж чадвал өгүүллийн агуулга, чанар улам сайжирна. Гэхдээ зохиогч өөрөө хариуцлага хүлээх учир өөрөө л хичээх чухал.
Сайн бичихийн нууц бол дахин дахин бичих гэж үг бий. Логик дэс дараатай, найруулгатай бичих нь уншигчид ойлгоход хялбар дөхөм байх болно. Мөн монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг ашиглаж [https://president.mn/wp-content/uploads/2018/06/HBUZ-Toli-2018-06-14-1.pdf] үг үгсийн алдаагүй бичсэн байх шаардлагатай.
Эх сурвалж: Монголын философийн холбоо