“Зүрх мартахгүй" төслийнхөн асрамжийн төвийн бяцхан хүүд амьдрал бэлэглэлээ
"Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Б-гийн хүү Б хамрагдаж 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй орлоо.
Бяцхан хүү зүрхний цоорхой гэх оноштойгоор Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад өнгөрсөн сард хагалгаанд орж одоогоор биеийн байдал хэвийн сайн байна.
Хүү одоогоор “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамжинд эрүүл саруул өсөж байна. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан хүүг өсгөн хүмүүжүүлж буй “Нандин амьдрал” асрах төвийн удирдлага, багш, ажилчдад талархал илэрхийлж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагч болон хүмүүжигч нар сэтгэлийн хандив өргөж, хүүхэд, багачуудад гарын бэлэг гардуулсан байна.
Дэлхий дахинд түгээмэл тохиолддог эмгэгүүдийн нэг, зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1 000 орчим төрдөг бөгөөд үүнээс 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна. Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэвэл бүрэн эдгэрдэг аж.
Эх сурвалж: Монцамэ