АНУ Хятадын технологийн болон батлан хамгаалахын компаниудад хөрөнгө оруулахыг хориглолоо
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын зэвсэгт хүчин болон батлан хамгаалахын салбартай холбоотой Хятадын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийхийг хоригложээ.
Ирэх 8-р сарын 2-ноос хэрэгжиж эхлэх уг шийдвэрийн дагуу америкийн хөрөнгө оруулагчид Huawei, China General Nuclear Power Corporation, China Mobile Limited, Costar Group зэрэг Хятадын технологийн болон батлан хамгаалахын 59 компанид хөрөнгө оруулалт хийх, эдгээр компаниудын үнэт цаас, хувьцааг худалдан авах боломжгүй болжээ.
Түүнчлэн АНУ-ын талаас хөрөнгө оруулалт авч чадахгүй болсон Хятадын компаниудын жагсаалтыг цаг тухайд нь шинэчилж байх аж. БНХАУ-ын зүгээс хариу арга хэмжээ авна гэдгээ мэдэгдээд байна.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп, "АНУ-ын иргэд БНХАУ-ын цэрэг, батлан хамгаалахын салбарыг санхүүжүүлэх явдлаас сэргийлэх" үүднээс Хятадын 31 компанид хөрөнгө оруулахыг хориглосон шийдвэр гаргаж байсан билээ.
Huawei компанийн зүгээс Ерөнхийлөгч асан Доналд Трампын 2019 онд гаргасан шийдвэр тус компанийн гар утасны бизнест их хэмжээний хохирол учруулсан хэмээн мэдэгдсэн юм.
Эх сурвалж: BBC