Олон нийтийн цахим сүлжээнд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа авч зугстан гэх мэдээлэл гарсан. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Үндэсний олимпын хорооноос мэдээлэл өглөө.
МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар хэлэхдээ, "МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал 5-р сарын 28-нд болсон. Улмаар Олимпийн харти, ОУОХ-ны Ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйл, МҮОХ-ны дүрмийн 19 дүгээр зүйл болон 3.8 дугаар зүйлийг тус тус үндэслэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн. Учир нь Олон улсын олимпын хорооноос удаа дараа Н.Түвшинбаяртай холбоотой асуудлыг хэлэлцэж, ёс зүйн хариуцлага тооцох эсвэл дотооддоо шийдэхгүй бол асуудлыг Олон улсын олимпын хороогоор авч хэлэлцэнэ хэмээн мэдэгдсэн.
Н.Түвшинбаяр 5-р сарын 27-нд ажилдаа орохоо мэдэгдэж, ажил дээрээ ирсэн. Тэрбээр, Олон улсын олимпын хороонд захиа явуулж, ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Улмаар тамгаа аваад явсан. Хэрэв тамгаа буцааж өгөхгүй тохиолдолд хуулийн дагуу асуудлыг шийднэ. Тамгатай холбоотой олон асуудал, доголдол үүсч байгаа" гэв.
Монголын Үндэсний олимпын хорооны хурал зургаадугаар сарын 23-нд болно. Хурлаар холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох чуулганы товыг зарлана.