Сэвлэг үргээх ёсон
СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСОН
Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд орчин үед ч энэхүү уламжлал хэвээр байгаа билээ.
Хэдэн настай хүүхдийн сэвлэгийг үргээх бэ?
Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь авдаг бөгөөд ихэвчлэн эрэгтэй хүүхдийг 3 ба 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2 ба 4 настайд нь сэвлэгийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм.
Монголчуудын дунд хүүхдийн сэвлэг эсвэл даахь үргээх гэж янз янзаар хэлдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ.
Cэвлэг үргээх ёслолд юу бэлдэх бэ?
Бяцхан үрсийнхээ сэвлэг үргээх ёслолд зориулан шинэ дээл, хувцас урлаж өмсүүлдэг байсан уламжлал өнөөдрийг хүртэл хадгалагдан иржээ. Хүүхдийн үс авах үргээх ёслолд өвөө, эмээ, настан буурай, ойрын хамаатан, эцэг эхийнх нь дотно найзууд оролцдог.
Өвөө, аав нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, үсэнд хүрдэг бөгөөд ингэхдээ эхлээд мохоо иртэй модон хутгаар домнон хүрдэг байна. Ингээд сэвлэг үргээх ёслол эхлэн хамгийн хүндтэй ахмадаас эхлэн хамгийн залуу гэсэн дарааллаар туг үс хярган ерөөлийн сайхан үг хэлдэг уламжлалтай билээ.
Хүүхдийн сэвлэгийг хадгалахдаа тусгайлан бэлдсэн торгон уутанд хийн хадгалдаг ажээ.
Өдрийг товлохдоо билэгт сайн өдрийг сонгон, тухайн өдрийн ээлтэй сайн цагт ёслолыг эхлэн нар жаргахаас өмнө дуусгадаг байна.