Монгол Улс элэгний Д вирусийн эсрэг эмийг бүртгэж, “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор болжээ
Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн Пүрэв гаригт болж, элэгний Д вирусийн эсрэг “Bulevirtide (Hepcludex)” эмийг өнчин эмийн жагсаалтад оруулах асуудлыг дэмжив.
Ингэснээр манай улсад уг эмийг бүртгэхгүйгээр яаралтай оруулж ирж, эмчилгээнд хэрэглэх боломж бүрдсэн байна.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай байгаа ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмэнд импортын зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.
Түүнчлэн импортын болон үндэсний үйлдвэрийн эмийн бүртгэл, бүртгэлийн сунгалт, өөрчлөлтийн нийт 100 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, ОХУ-ын SARS-CoV-2 вирусийн эсрэг “Спутник Лайт” вакцинд зөвшөөрөл олгохоор болсон байна.