Тамхи хүний ой тогтоолтын чадварыг 4 хувиар, оюуны үйлдлийг 5,5 хувиар бууруулдаг
Тамхи хүний насыг 11-20 жилээр богиносгодог. Тамхи хүний ой тогтоолтын чадварыг 4%-иар, оюуны үйлдлийг 5,5%-иар бууруулдаг. Мөн амархан ядрах, цочромтгой болох, толгой өвдөх, нойргүйдэх, уур уцаартай болох, хараат байдал үүсгэх зэргээр тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг.
- Тамхийг татах явцад хуурай байсан тамхины навч шатан, шатсан утаагаар нь дамжин олон төрлийн хорт бодисууд агаарт дэгдэж байдаг.
- Дэлхий дахинд тамхинаас шалтгаалан жилд долоон сая хүн нас барж байгаагийн нэг сая гаруй нь дам тамхидалтын нөлөөнд орсон байдаг аж.
- Нийгмийн эрүүл мэндийн төвөөс хийсэн судалгаанаас харахад нийт оролцогчдын 40% нь гэрийн орчинд, 25% орчим нь ажлын байрандаа дам тамхидалтад өртдөг гэжээ.
Дам тамхидалт гэдэг нь өөрийн хүсэл зорилгоос үл хамааран, бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлнэ. Орчны утаанд никотин болон тамхины бохь нь 2 дахин илүү байдаг. Учир нь энэ утаа ямар ч шүүлтүүрээр шүүгддэггүй. Мөн тамхины найрлагад байдаг хорт хавдар үүсгэгчийн ихэнх хэсэг нь орчны агаарт тархаж идэвхгүй тамхичинд шууд нөлөөлдөг. Тамхины утаатай өрөөнд 1 цагийн турш байгаа хүн 15 ширхэг тамхи татсантай тэнцэхүйц хэмжээний хавдар үүсгэгч бодисоор амьсгалдаг байна.
Иймд бид “05 сарын 31 – Дэлхийн тамхигүй өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд, өсвөр насныхан болон эцэг эх, асран хамгаалагчдад дараах мэдээллийг хүргэж байна.
Дам тамхидалт болон тамхины хэрэглээнээс татгалзаж, ТАМХИНД “ҮГҮЙ” гэх хэлцгээе.
Эх сурвалж: Medic