ХХБ-аас 2 сая доллар залилсан этгээдүүд харилцагчийн хуурамч тамга ашиглажээ
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний валют залилсан хэрэг өчигдөр шуугиан тарив. Энэ хэрэг өнгөрсөн лхагва гаригт үйлдэгдсэн бөгөөд Худалдаа хөгжлийн банкны ШангриЛа дахь салбараас гүйлгээг хийжээ. Ингэхдээ хуурамч бичиг баримт ашиглан 2 сая ам.доллар залилсан байгаа юм.
Мөн энэ үеэр ЦЕГ-аас 3 этгээдийг эрэн сурвалжилж буйгаа зарласан. 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нар 2021.05.25-ны өдөр хохирол ихтэй хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн онцолсон байв. Өөрөөр хэлбэл, банк залилсан этгээдүүд дээрх 3 иргэн байх магадлалтай байгаа юм.
Гэмт этгээдүүд банкийг залилахдаа харилцагч байгууллагынх нь тамгыг хуурамчаар үйлдэн очсон мэдээлэл байна. Хуурамч тамгаараа байгууллагын данснаас мөнгө гаргуулан авсан бололтой.
Хэрэгтнүүдийг өчигдөр үдээс хойш баривчилсан бөгөөд ЭЦА-д шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: shuurhai.mn