Бэлгийн ариун цэврийг хэрхэн сахих вэ?
Эмэгтэйчүүд бидний бэлэг эрхтэн тэнцвэртэй үйл ажиллагаа явуулдаг хэдий ч бид ариун цэврээ сахиж байгаа нь энэ гээд буруу үйлдлүүдийг өөрийн мэдэлгүй өдөр тутамдаа хийж орхидог ажээ. Тиймдээ ч мэргэжилтнүүд өдөр бүр бэлэг эрхтнээ угааж байх нь зөв эсэх дээр маргаантай байр сууринаас ханддаг байна. Яг аль нь зөв болохыг мэдмээр байна уу? Ингээд бэлгийн ариун цэврийг зөв сахихын тулд бүсгүйчүүд бид яах ёстой талаар хамтдаа сонирхоцгооё.
Үтрээ бол төгс тэнцвэртэй систем юм
Британийн эмэгтэйчүүдийн эмч Остин Угвумаду (Austin Ugwumadu) "Эмэгтэй хүний үтрээ олон мянган жилийн турш өөрийгөө ариутган цэвэрлэсээр ирсэн" гэсэн бол АНУ-ын эмэгтэйчүүдийн эмч Алисса Двек (Alyssa Dweck) "Үтрээний өөрийгөө цэвэрлэх чадвар үнэхээр ер бусын бөгөөд өөрийгөө өвчнөөс сэргийлэхийн тулд хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй хадгалдаг" гэдгийг баталжээ. Тэгвэл Йелийн Анагаахын их сургуулийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Мэри Жин Менкин (Mary Jane Minkin) "Үтрээгээрээ оролдох хэрэггүй ээ. Оролдоод байвал эрүүл байхад зайлшгүй шаардагдах бактерийг устгаж, хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй" хэмээсэн юм. Эмэгтэй хүний үтрээний хүчил шүлтийн хэмжээг 3.8-4.4 байвал дундаж хэмээн тооцдог. Хэрэв таны үтрээний pH-ийн түвшин бага байгаа бол дэлгүүрүүдээр зарагдах болсон бүтэн биеийн pH-ийн түвшинг тэнцвэржүүлэгч гелийг худалдан авч хэрэглэхийг санал болгомоор байна.
Шүршүүрт байнга орох нь сайн биш
Шүршүүрт байнга орсноор үтрээний хүчил шүлтийг тэнцвэртэй байлгадаг лактобацилли хэмээх бактери устдаг байна. Дэлгүүрт зарагддаг зарим шүршүүрийн гелэнд анхилуун үнэрт нэмэлт бодис, халдварын эсрэг бодис зэрэг агуулагддаг учраас үтрээнээс гарах зунгагийн хэмжээг нэмэгдүүлдэг ажээ. Үтрээ өөрийгөө цэвэрлэдэг учраас ямар ч цагаан цуу, элдэв үтрээ угаагч бодис шаардлагагүй юм. Дотуур хувцсанд үтрээний зунгаг наалдах нь ямарваа нэгэн өвчний шинж тэмдэг биш бөгөөд харин ч таны үтрээний үйл ажиллагааг хэвийн байгааг харуулж буй хэрэг гэж ойлгож болно. Гэхдээ өнгө, үнэр, хэмжээ, өтгөн шингэн нь гэнэт өөрчлөгдвөл мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлээрэй.
Гадна бэлэг эрхтнийг зөв угаах шаардлагатай
Үтрээ өөрийгөө цэвэрлэж чаддаг ч гадна бэлэг эрхтэн болон бэлгийн уруулыг заавал ч үгүй угаах шаардлагатай ажээ. Гадна бэлэг эрхтний хуниасанд төрөл бүрийн бактери, тослог бодис байдаг учраас бага зэргийн савангаар угааж болно. Хэтэрхий анхилам үнэртэй саван загатнаа үүсгэдэг учраас эмэгтэйчүүд бидэнд төдийлөн сайнгүй тул глицерин юмуу чидун жимсний тос агуулсан зөөлөн бүтэцтэй саванг сонгон хэрэглэхийг эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг ажээ. Усанд орсны дараа зөөлөн алчуураар бэлэг эрхтэнийхээ гадна талыг л арчихад хангалттай.
Ванны бөмбөлгийг болгоомжтой хэрэглээрэй
Тансаг үнэртэй лаа асаачхаад халуун усанд хэвтэх сайхан ч ванны бөмбөлгийг нэмж хийх нь таны үтрээнд таалагдахгүй л болов уу. Ванны хөөс, ванны бөмбөлөг нь үтрээний хүчил шүлтлэгийн орчинг эвддэг учраас загатнаа үүсгэхээс гадна өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг ажээ. Хөөс, бөмбөлгөнд суух нь муу гээд орохоо болих хэрэггүй бөгөөд сард ердөө 1-2 удаа л орж байхад хангалттай юм.
Үтрээ бүр өөрийн гэсэн өвөрмөц үнэртэй байдаг
Сарын тэмдэг, идэж ууж буй хоол хүнснээсээ шалтгаалан эмэгтэй хүн бүрийн үтрээний үнэр хоорондоо ялгаатай байдаг. Үүнд санаа зовох огт хэрэггүй юм шүү. Бэлэг эрхтнийхээ өвөрмөц үнэрийг анхилуун үнэртэй бүтээгдэхүүнээр далдлах хэрэггүй ээ. Түрүүн хэлсэнчлэн таны үтрээг загатнуулж, хүчил шүлтийн тэнцвэрт байдлыг алдагдуулах болно гэдгийг санаарай.
Тампон хэрэглэхгүй байх нь зүйтэй
Үнэрт тампон зэрэг хүчтэй бүтэцтэй зүйлийг гадна бэлэг эрхтэн болон үтрээний ойролцоо хийх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг. Тампоны анхилуун үнэр нь үтрээг загатнуулж, зарим эмэгтэйчүүдэд бүр харшил үүсгэдэг болох нь тогтоодсон учраас үнэргүй тампоныг хэрэглэх нь зүйтэй юм.
Чанартай, биед эвтэйхэн дотуур хувцас өмс
Цэвэр даавуун дотуур хувцас, наанадаж даавууны бага зэргийн орцтой дотуур хувцсыг өдөр тутамдаа өмсч байх нь маш чухал юм. Агаарын солилцоо хийгдэж байхаар дотуур хувцсыг бүсгүй та өмсч заншаарай. Учир нь агаарын солилцоогүй дотуур хувцас нь мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл болдог ажээ.
Гоо сайхны бүтээгдэхүүн сөрөг нөлөө үзүүлж байдаг
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг лосион, саван, шүршигч, шүршүүрийн гел гэх зэрэг бүтээгдэхүүнүүд үтрээ болон гадна бэлэг эрхтэнтэй шууд болон шууд бус байдлаар хүрэлцэж байдаг тул загатнаа үүсгэж байдаг ажээ. Эдгээрээс гадна эмэгтэйчүүдийн ариун цэврийн сальфетка ч гэсэн загатнаа үүсгэдэг болох нь тогтоогсон.
Арьсны хорт хавдартай эсэхээ байнга үзүүлж байх хэрэгтэй
Бэлэг эрхтэн нарны гэрэлд гардаггүй болохоор арьсны хорт хавдар тусахгүй гэсэн үг биш учраас толийг ашиглан өөрийнхөө үтрээ болон гадна бэлэг эрхтнийг тогтмол шалгаж байхыг эмч нар зөвлөж байна. Хэвийн бус, хачин шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлээрэй.
Дүгнэлт:
• Үтрээ өөрийгөө цэвэрлэдэг.
• Гадна бэлэг эрхтнийг савантай бүлээн усаар өдөрт нэг л удаа угаах хэрэгтэй.
• Хурц үнэр, өнгөтэй ванны хөөс, бөмбөлгийг сард 1-2 удаа хэрэглэх нь зохимжтой байдаг.
• Үтрээнээс зунгаг ялгарах нь хэвийн үзэгдэл. Харин хэвийн бус үнэр, өнгөтэй болсон тохиолдолд эмчид яаралтай үзүүлээрэй.
• Хүн бүрийн үтрээний үнэр өөр тул үнэр дарах ямар нэгэн зүйл хэрэглэх хэрэггүй юм.
• Биед эвтэйхэн, даавуун материалтай дотуур хувцас өмсч байгаарай.
• Үнэртэй тампон хэрэглэхээс зайлсхий.
• Бэлэг эрхтнийхээ тэнд шинэ мэнгэ ургацаг үүссэн эсэхийг үзэж, цус гарч байгаа эсэхийг шалгаж байгаарай.
Эх сурвалж: Тэнгэрлэг гоо эмэгтэйчүүдийн эмнэлэг