Сирид “театрчилсан” сонгууль боллоо
Сири улсын Сонгуулийн хорооноос Ерөнхийлөгчийн сонгууль дуусаж, саналын хуудсыг тоолж эхэлснийг зарлалаа. Сонгуульд одоогийн төрийн тэргүүн Башар Ассад, Социалист эвслийн намаас Абдулла Саллум Абдулла, Эх оронч сөрөг хүчний төлөөлөгч Махмуд Ахмед Мурай нар нэр дэвшсэн юм. Сирийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил байдаг. SANA агентлагийн мэдээлснээр Дамаск тэргүүтэй том хотуудад сонгууль зөрчилгүй болж, олон нийтийг хамарсан баярын арга хэмжээ эхэлжээ. АНУ, Европын холбооны ажиглагчид “НҮБын нөхцөлийг дагаж мөрдөөгүй хууль бус “театрчилсан” санал асуулга болсон” гэж тодорхойлжээ. Гадаадад амьдардаг Сирийн иргэд харьяа улсынхаа Элчин сайдын яаманд очиж саналаа өгчээ. Турк, Герман улсууд санал хураахыг хориглосон байна. Тиймээс сонгуульд Ассад ялалт байгуулна. Альтернатив хувилбараар 2014 онд болсон сонгуульд Башар Ассад ялалт байгуулж, иргэдийн 88.7 хувийн дэмжлэгийг авчээ. Тухайн үед тэрбээр засгийн эрх барьж байсан Арабын социалист сэргэн мандалтын намын дарга байв. Сүүлийн жилүүдэд Ассадын гэр бүлийн нөлөө суларсан. Түүнийг дарангуйлагч, дайны гэмт хэрэгтэн, танхайрагч, үнэнч шударга удирдагч хэмээн олон улсад харилцан адилгүй үнэлдэг.
Тэрбээр кампанит ажлынхаа үеэр “Арван жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоож, бөмбөгдүүлсэн хот, тосгодыг сэргээн босгох, бүс нутгийн мөргөлдөөнийг намжаах цорын ганц хүн” хэмээн өөрийгөө сурталчилжээ.
Ассад хямралын үед “мартсан” аж үйлдвэрийн үлдэгдэл балгасаар зочилж, ажилчидтай уулзсан байна. Сирийн холбоотон ОХУ, Иран улс Ассадын дэглэмийг аврахын тулд дэмжлэг үзүүлдэг. Башарын гол зөвлөх, ээж Аниса нь 2016 онд нас баржээ. Аниса хатуу бодлого баримталдаг байв. Тэрбээр 2011 оны эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг хэлмэгдүүлсэн. Сирийн хүн ам дүрвэж, 500 мянга гаруй иргэн амь үрэгдсэн. Иргэний дайн мухардалд орж, “Исламын улс” бүлэглэл ялагдахад Башар Сирийн баян эрхмүүдийг намнаж, дэглэмийг эсэргүүцэгчдийг цөлж эхэлсэн. Тэрбээр үеэл, санхүүгийн зөвлөх Рами Махлуфын гэр бүлийн санг тэргүүн хатагтай Асма Ассадад шилжүүлжээ. Асма улсынхаа бүх буяны байгууллагыг энэ мэтээр ивээлдээ авсан байна. Мөн Махлуфыг харилцаа холбооны “Syriatel” корпорацын хувьцаа эзэмшигчээс хасжээ. Түүний үеэл Рибал аль-Ассад ч улс төр, санхүүгийн эрх мэдлээ алдан гэрийн хорионд байна. Бизнес эрхлэгчдийг боомилж, дотоодын эдийн засагт байр сууриа бэхжүүлэх нь Ассадад сул бүтэцтэй төрийн байгууллагаа хүчирхэгжүүлж, Засгийн газрыг хяналтдаа байлгахад дөхөм болжээ. Сирийн ажиглагчдын хувьд Башар бол мафийн толгойлогч. АНУын ажиглагчид “Ассад бол Ойрхи Дорнодын Тони Сопрано юм. Зүгээр л гэр бүлээ баяжуулах зорилготой.
Гэмт хэргийн синдикатад хяналт тавьдаг, зорилгодоо хүрэхийн тулд хүчирхийлэл эхлүүлсэн. Тэр АНУ, Европын үе үеийн удирдагчдыг хуурсан HBO дүрийн нэгэн адил хуурамч сэтгэл татам талаа ашигладаг. Олон зуун мянган нутаг нэгтнүүдээ алж, цэргийн гэмт хэрэг үйлдсэн Башар Ассад Их Британид сурсан нүдний эмч, барууны технологид дуртай, банкир эхнэртэй гэсэн ойлголт бүгд хуурамч байсан” гэжээ.
11 САЯ ХҮН ЭХ ОРНООСОО ДҮРВЭЖЭЭ
“Арабын хавар” Сирид эхлэхэд Ойрхи Дорнодын үлгэр жишээ болсон улс сүйрсэн. Тунис, Египет, Ливид дарангуйллыг унагаасан “Арабын хавар” хувьсгалын төгсгөлд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг унагаахын төлөө Засгийн газрын эсрэг тэмцэл эхэлсэн юм. Жагсагчид 2011 оны гуравдугаар сарын 15нд гудамжинд гарч жагссанаар бүтэн 10 жил үргэлжлэх цус асгаруулсан ирэгний дайны эхлэлийг тавьжээ. Өнгөрсөн хугацаанд Сирийн дайнд 384 мянган хүн амь үрэгдсэний 116 мянга гаруй нь энгийн иргэн байсныг Хүний эрхийн байгууллагаас мэдээлжээ. Дайн эхлэхээс өмнө сиричүүд ирээдүйдээ итгэлтэйгээр амьдарч байлаа. Хөршүүдтэй нь харьцуулахад газрын тосны томоохон олборлогч биш ч 10 жилийн өмнө газрын тосны үнэ дунджаар 110 ам.доллар байсны ачаар Сирийн эдийн засаг эрчимтэй өсч, иргэдийн амьжиргааны түвшин ч дээшилж байв. Сирийг баян тансаг орон гэж хэлэхээргүй боловч дайнаас өмнө ард иргэд нь амь амьжиргаагаа түүртэлгүй залгуулаад байдаг байсан. Харин одоо хаа сайгүй бөмбөгдөлтөд өртөж нурсан барилга байшингууд, шаналал зовлонд цөхөрсөн ард иргэдийн дүр төрх нүдэнд тусна. Дайны улмаас Сирийн 21 сая хүний тал хувь буюу 11 сая гаруй нь орон гэргүй болж дүрвэжээ. Дайн эхлэхээс өмнө Сирийн ДНБ 70 гаруй тэрбум ам.доллар байсан бол одоо 24.7 тэрбум болтлоо буурчээ. Дайны өмнө Сири улс өдөрт 400 мянган баррель газрын тос олборлон, 40 гаруй сая ам.долларын орлого олж байв. Энэ нь жилдээ 10 гаруй тэрбум ам.доллар гэсэн үг. Гэтэл одоо Сирийн эдийн засаг, дэд бүтэц бүхэлдээ сүйрчээ. НҮБ-аас мэдээлснээр Сирид 2011 оноос хойш 400 тэрбум ам.долларын өртөг бүхий барилга, байгууламж сүйдсэн байна. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжийг тал нь, таван сургууль тутмын хоёр нь ашиглах боломжгүй болж, сүйрснийг НҮБын Хүүхдийн сан мэдэгджээ. Үйлдвэрийн барилга байгууламжуудын 90 хувь, орон сууцны барилгуудын тал хувь нь эвдрэн сүйрчээ. Сири орны баялаг түүх манай эриний өмнөх 4000 жилийн өмнөөс эхтэй. Нийслэл Дамаск хот гэхэд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хотуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлсэн туурь, барилгууд дайны үеэр сүйдсэн юм.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин