Ж.Энхцэцэг:АстраЗенека болон Спутник V вакциныг жирэмсэн эхэд хийхийг хориглох заалттай
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд “Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэг оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Жирэмсэн эхийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулдаг. Сайн дурын үндсэн дээр эсвэл дархлаажуулалтад хамрагдах ёстой эхчүүдийг жирэмсний 14 долоо хоногоос 36 долоо хоногийн хооронд дархлаажуулна.Тодруулбал, коронавирусын эсрэг вакцины эхний тунг жирэмсний 14 долоо хоногоос өмнө хийж болохгүй. Учир нь жирэмсний 14 долоо хоногт дөнгөж үр хөврөл бүрэлдэж, эрхтэн тогтолцоо үүсэж байдаг учраас вакцин байтугай ямар нэг эм хэрэглэж болохгүйг зөвлөдөг.Төрснөөс хойш 42 хоногийн дараа тухайн ээж хөхүүл болон хөхүүл бишээс үл хамааран бусад хүмүүс шиг коронавирусын эсрэг вакцинд хамрагдаж болно.Жирэмсний 36-40 долоо хоногт вакцин хийж болохгүй шалтгаан нь, төрөх дөхөөд ирэхээр эргэлдэх цусны хэмжээ их болж, зүрх судас гээд бүх эрхтэнд ачаалал өгдөг. Энэ үед жирэмсэн эхэд вакцин хийхийг хориглодог.Мөн эмэгтэйчүүдийн жирэмслэлттэй холбоотой бие организмд гарах өөрчлөлтүүд нь төрснөөс хойш 42 хоногийн дараа хэвэндээ орж эхэлдэг.АНУ-д Pfizer, Moderna зэрэг компанийн хөгжүүлсэн вакциныг жирэмсэн эхэд хийж болно гэж байгаа бол БНХАУ-д эрсдэл өндөртэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн эхчүүдэд Синофармын Vero Cell вакциныг зөвлөж байна. Харин АстраЗенека болон Спутник V вакцинуудын зааварт жирэмсэн эхэд хийхийг хориглох заалт бий" гэж ярилаа.
Эх сурвалж:www.polit.mn