Зөв асуулт тавьж чаддаг хүн амьдралаа удирдаж чаддаг...
Бид бүгд цаг мөч тутам янз бүрийн үйлдэл хийж байдаг. Энэ нь мөч бүхэнд л шийдвэр гаргаж байдаг гэсэн үг юм. Харин ямар шийдвэр гаргах нь ямар асуулт өөртөө тавьснаас шууд хамаардаг.
Энэ нь бид бүхэнд болон бидний амьдралын бүхий л хүрээнд хамаатай асуудал юм. Амьдралдаа хэн байх, ямар амжилтанд хүрэх, амьдралд тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн давах, мөн түүнчлэн эрүүл байх уу үгүй юу гэдэг ч хүртэл өөрөө өөртөө зөв асуулт тавьж чадаж байгаа эсэхээс шалтгаалдаг.
Яагаад заавал "зөв асуулт" гээд байна вэ? Яагаад гэвэл бас буруу, оновчгүй, чамд эрч хүч, боломж өгөхгүй, харин ч бүр мухардал, өөртөө үл итгэх байдалд оруулдаг асуултууд байдаг учраас тэгж хэлээд байгаа юм.
Энд бас л нөгөөх бүхний эх сурвалж болсон тархины тухай яригдана. Өөрөөр хэлбэл бидний ухамсар, ухаан бодлын тухай...
Асуулт бүхэн бол тархи хэмээгч супер компьютерт өгч буй команд юм. Энд компютерээс ялгаатай нь бидний ухамсар, (ил болон далд) нь бидний үгүйсгэж буй эсвэл хүлээн зөвшөөрч буйг ялгадаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр жишээ нь та нүдээ аниад тайван суугаад өөртөө ийм асуулт тавьлаа гэж бодье. Эсвэл хэн нэгэн танд хэллээ гэж бодье. Нүдээ аниад анхаарлаа төвлөрүүл, тэгээд цэнхэр өнгөний тухай огт бодож болохгүй гэж тушаалаа. Ингэхэд эхний хэдэн минутанд бид бараг бүгдээрээ цэнхэр өнгийг л орж хардаг. Туршаад үзсэн ч болно.
Үүнийг хэлэхийн учир нь бид ямар ч асуулт өөртөө тавьсан тэр чинь л бидний ухамсарыг төвлөрүүлэх команд болон тархинд очдог. Хүссэн эс хүссэн аль ч сэдвийг тархинд өгөхөд тэр чинь л тархинд чинь хэсэгтээ эргэлдэнэ гэсэн үг. Хэр олон давтана төдий чинээ л гүн сууж хүчирхэгжинэ гэсэн үг. Учир нь тархи чинь эзэн нь уг зүйлийг хүссэн эсэхээс үл хамааран өгөгдсөн командыг л боловсруулж, түүнд төвлөрнө гэсэн үг. Тэгээд л тэр командынхаа хариуг чи авахаас өөр аргагүй болно.
За одоо асуулт руугаа орье. Шийдвэр гаргах, сонголт хийх бүртээ өөртөө тавьж буй асуултууд маань бидний цаашдын хувь тавилан, ирээдүйг өөрчилж байдаг. Асуулт гэдэг нь ийм л хүчтэй.
Зөв асуулт гэдэг маань биднийг бэрхшэлтэй хүнд байдлаас биднийг гаргаад зогсохгүй, биднийг урамшуулж, улам хүчирхэгжүүлж чаддаг. Жишээ нь: Энэ бэрхшээлд ямар сайн тал байна вэ? Энэ байдлаас хэрхэн гарах боломжтой вэ? Ийм нөхцөлд юуг өөрчлөх ёстой вэ? Яаж байдлыг ашигтайгаар эргүүлэх боломтой вэ гэх мэт.
Харин зөв бус асуулт гэдэг нь биднийг улам бухимдалд оруулах, нөхцөл байдлыг хүндрүүлэх, боломжийг хаагдуулсан асуултууд юм. Жишээ нь: Өө мэдээж би яаж чадах билээ? Би яагаад дандаа ингэдэг юм бэ? Тэр ч туслаагүй, ийм ч боломжгүй юм чинь би яаж чадах вэ?
Хэн нэгэн бизнесийн хамтрагч чинь чамайг хуурлаа гэж бодье. Тэр үед чи уурлаад -Тэр муу яаж ингэж чадаж байнаа? Надад ийм зүйл яаж хийж болдог юм бэ? гэх байх. Мэдээж энэ бол зөнгөөрөө л хүн болгон бодож болох асуултууд. Гэвч сайтар тунгааж үзвээс эдгээр асуултууд ердөө л улам уур бухимдлыг чинь дэврээхээс хэтрэхгүй. Харин ч байдлыг улам хурцатгана.
Түүний оронд, -Тэр нөхрийн гаргасан алдаанаас болж учирч болох хохирол хэр болох вэ? Яавал илүү бага хохирол хүлээх вэ? Цаашдаа яавал ийм байдлаас зайлсхийж болох вэ? Би үнэхээр иймхэн зүйлээс болж өөрийн үнэт тайван амгалан байдлаа орхих гэж үү?
Эдгээр асуултууд дээр илүү төвлөрч чадвал өөрийгөө хурцадмал байдлаас гаргаад зогсохгүй тайван байдлаа алдалгүйгээр байдлыг хяналтандаа бүрэн авах боломжийг чамд олгоно.
Мэдээж амьдрал баялаг учир олон жишээ авч болно. Эерэг байдал үүсгэх боломжтой асуултын жишээ: Би хэрхэн аз жаргалтай амьдрах вэ? Юу намайг аз жаргалтай болгодог вэ? Юу хийх нь надад таалагддаг вэ? г.м.
Хэрвээ чи өөртөө ингэж зөв асуулт тавиад сурчихвал бас бусдад сайхан асуултаар бэлэг барьж болно. Бусадтай хуваалцах нь жаргалтай амьдрахын үндэс буюу. Найздаа сайхан асуулт тавьж түүнд улам хөгжиж, амжилтанд хүрэх боломж олгож болно шүү дээ.
Эцэст нь хэлэхэд Зөв асуулт зөв амьдралын суурь, ухамсрыг зөв тийш нь чиглүүлэгч хүчирхэг хэрэгсэл юм. Тиймээс өөртөө ямар асуулт тавих вэ гэдэг дээр тун болгоомжтой байхгүй бол амжилтанд хүргэх бус, харин ч чамайг мухардуулах, стрессд оруулах чадалтай. Амжилтанд хүрсэн хүн бүхэн өөртөө боломжийг нээсэн, хүч, тэвчээр нэмсэн, өөрийгөө шинээр нээсэн тийм л асуултууд таьж байсан байдаг.
Бурхан өөрт нь хандсан бүхэнд, хүссэн хүсэл бүхэнд хариулдаг гэлцдэг.
"ХЭН ХАМГИЙН САЙХАН АСУУЛТ АСУУНА ТЭР ХАМГИЙН САЙХАН ХАРИУЛТ АВДАГ"
"ХЭРВЭЭ ЧИ АСУУЛТ АСУУСАН Л БОЛ ХАРИУЛТААС БУЛТАХ АРГАГҮЙ"
Эдгээр үг нь биднийг асуулт тавихдаа тун бодолтой няхуур байх учиртайг сануулан буй... Хүсэл бүхнийг биелүүлэгч шидтэн болсон далд ухамсартаа ямар хүсэлт асуулт илгээхээ уншигч та зөв сонгож сурвал өөрийн амьдралаа удирдаж сурах нь тэр шүү. Амжилт залуусаа.
Дахин сануулахад бид ухамсартаа ямар л команд өгнө тэрэн дээр чинь л ил далд ухамсар чинь төвлөрдөг ба түүнийгээ л чи олж хардаг, анзаардаг, өөрөөр хэлбэл түүнийгээ л чи татдаг юм шүү. Тэгэхээр боломж, эрүүл саруул байдал, сайхан нөхөрлөл, ойлголцол, амжилтыг л татацгаая.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах