Орон нутгийн замд өнгөрсөн амралтын өдрүүдэд манай орны зарим нутгаар дайрсан хүчтэй цасан шуурганы улмаас халтиргаа, гулгаа үүсэн, цөөнгүй автомашин онхолдож, жолооч, зорчигч гэмтсэн тохиолдол хэд хэд гарав. ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийнхэн зам, тээврийн ослын 399 дуудлага, мэдээлэл бүртгэсэн байна. Эдгээр ослоос шалтгаалж орон нутагт таван хүн нас баржээ.
Тухайлбал, энэ сарын 22-ны 09.00 цагийн үед Хэнтий аймагт суудлын автомашины жолооч явган зорчигчийг мөргөж амийг нь хохироосон хэрэг гарсан бол Баянхонгорт мөн өдөр бага оврын ачааны машины жолооч Д хүүхэд дайрч хөнөөсөн гэнэ. Төв аймагт автомашин онхолдсоноос болж жолооч нь амиа алдсан бол Орхонд мөн ижил ослын улмаас зорчигчийн амь хохирчээ. Сүүлийн жилүүдэд морио мотоциклоор сольж, уналгад хэрэглэх нь нэмэгдсэнээр хүний амь хохирох явдал эрс өссөн. Өнгөрсөн бямба гаргийн үдэш Хөвсгөл аймгийн нутагт мотоцикл онхолдож, жолоодож явсан залуу амиа алджээ. Тэгвэл Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт нэг залууг зодож хөнөөчихөөд мотоциклоос унаж нас барсан гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад өгсөн байна.
Тус сумын I багийн нутаг, Өвгөний өвөлжөө гэх газарт мотоциклтой хүн онхолдож, эмнэлэг рүү хүргэгдэх замдаа нас барлаа” гэсэн мэдээлэл өнгөрсөн ням гаргийн 05.50 цагт сумын хэсгийн төлөөлөгчид иржээ. Үүний дагуу шалгахад дээрх газарт зусаж буй 27 настай Д гэх залуу хамт архи уусан 36 настай эрийг эхнэртэйгээ хардан зодож, амийг нь хохироосныг тогтоосон байна. Талийгаачийн гавал, тархинд хүнд гэмтэл учруулсны улмаас амиа алдсан гэж шүүх эмнэлгийн шинжээчид урьдчилсан дүгнэлт гаргаж, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.