Коронавирусийн бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол орон нутаг руу чөлөөтэй зорчино
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш тасралтгүй мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус дугаарт тавдугаар сарын 21-23-ны өдрүүдэд иргэдээс нийт 658 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 91 иргэн хандсанаас 34 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 57 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуусан асуултад мэдээлэл өгч ажиллалаа. Өнөөдөр Улаанбаатар хотод 57 суурин, таван явуулын цэгт 125 багийн 815 эмч, ажилтан ажиллаж, 27429 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Тавдугаар сарын 22-ноос хөдөө, орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Үүнтэй холбоотойгоор 1800-1200 тусгай дугаарт түгээмэл ирж байгаа асуултад хариулт өгье.
-Хөдөө, орон нутаг руу зорчиход ямар бичиг баримт шаардлагатай вэ?
-Хот болон хөдөө, орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журамд энэ талаар заасан. Коронавирус халдварын эсрэг бүрэн тунд хамрагдаад 14 хоногийн хугацаа өнгөрснийг нотлох баримт буюу дархлаажуулалтын гэрчилгээ шаардлагатай. Мөн сүүлийн дөрвөн сарын хугацаанд халдвар авч, эдгэсэн хүмүүс эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг батлах бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явна.
-Вакцинд хамрагдаагүй иргэд хөдөө, орон нутаг руу явахад ямар бичиг баримт шаардах вэ?
-Хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, эсвэл вакцины бүрэн тунд хамрагдаагүй, хамрагдсан ч 14 хоног хүрээгүй иргэдийн хувьд PCR шинжилгээний /72 цагийн хугацаатай/ сөрөг хариу, түргэвчилсэн шинжилгээний /48 цагийн хугацаатай/ сөрөг хариуг үндэслэн, хөдөө, орон нутаг руу зорчуулна.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ