УОК-ын шуурхай ажлын хэcгийн хуралдааны шийдвэрээр дараах зургаан төрлийн үйл ажиллагааг тавдугаар сарын 22-ны өдрөөс нээж, хэвийн горимд шилжүүлэхээр боллоо. Ингэхдээ тус байгууллагуудын үйл ажиллагаа нь давтан тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд нээлттэй байхаар журамлажээ.
Үүнд:
- Зах худалдааны төвүүд
- Ресторан, кафе, сүлжээ хоолны газар /50 хувийн дүүргэлттэй үйлчилнэ/
- Зочид буудал
- Амралтын газар
- Сауныг тус тус нээхээр шийдвэрлэлээ.
Эдгээр газруудыг нээснээр үйлчилгээний бизнесийн 83 хувь нь халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх боломжтой болж байна. Тус аж, ахуйн нэгжүүд E-Mongolia-ийн “Covid 19- Verify” аппликейшныг ашиглан үйлчлүүлэх гэж буй иргэдийнхээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулж, дархлаажуулалтын мэдээллийг нь шалгах юм.
Мөн өчигдрөөс /2021.05.20/ өмнө нь тодорхой цагийн хязгаарлалттай үйл ажиллагааг нь нээсэн аж, ахуйн нэгжүүдийг ердийн цагийн хуваариар ажиллах эрхийг нээлээ. Тухайлбал, хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллах бол ресторан, кафе, хоолны газрууд 00:00 цаг хүртэл ажиллана.
Хэдийгээр худалдаа, үйлчилгээний зарим байгууллага аж, ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нээж буй ч вакцины эсрэг заалттай болон жирэмсэн хүмүүс халдвар авах эрсдэл хэвээр буйг тооцож, өөрөө өөрсдийгөө хамгаалахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Биечлэн үйлчлүүлэхээс татгалзаж, хүргэлт, захиалгын үйлчилгээнүүдийг сонгохыг уриалав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.