Өмнөд Ази Хятадын нөлөөнд улам бүр автаж байна гэв
Хоёр орчим тэрбум хүн амьдардаг Өмнөд Азийн бүс нутаг өнөөдрийн байдлаар коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртөөд байна. Энэтхэг болон Энэтхэгийн хөрш улс орнуудад коронавирусын халдварын тархалт хурдацтай тархаж, Шри Ланка зэрэг жижиг улс орнууд маш их хохирол амсч байна.
Нөгөөтэйгүүр БНХАУ эдгээр улс орнуудад үзүүлэх тусламж дэмжлэгээ эрчимжүүлж эхэлсэн нь тус бүс нутаг дахь Хятадын нөлөөг нэмэгдүүлнэ гэж ажиглагчид үзэж байна. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Шри Ланкад хатуу хөл хорио тогтоож байгаа ба хөл хорио энэ сарын 25 хүртэл үргэлжлэх аж.
Бусад хөрш орнуудынхаа адилаар коронавирусын цар тахлын эхний давалгааг халдварйн тархалт багатай давсан Шри Ланка цар тахлын 2 дахь давалгаанд хүндээр өртөж, бүс нутагтаа хамгийн сайн гэгдэх эрүүл мэндийн тогтолцоо нь ачааллаа дийлэхгүйд хүрээд байна. Өнөөдрийн байдлаар Шри Ланкад 2 өдөрт бүртгэгдэх халдварын тоо дунджаар 3000-д хүрээд байгаа нь сарын өмнөх үзүүлэлтээс 1000 хувь өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн Шри Ланкийн засгийн газар коронавирусын халдварын тархалтыг хумихын тулд хангалттай арга хэмжээ аваагүй гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Тус улсад коронавирусын халдварын эсрэг дархлаажуулах ажил энэ оны эхээр эхэлсэн ба хөрш Энэтхэг улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн коронавирусын эсрэг вакциныг хийж эхэлсэн аж.
Энэтхэгт коронавирусын халдварын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Шри Ланка руу коронавирусын эсрэг вакцин нийлүүлэлт зогссон ба энэ сарын 19-ны байдлаар Шри Ланкийн нийт хүн амын зөвхөн 6 хувь нь л вакциныхаа эхний тунд хамрагджээ.
Энэтхэгийн хөрш улс орнуудад хэдийн нөлөөллөө тогтоосон БНХАУ Өмнөд Азийн орнуудад коронавирусын эсрэг вакцин, амны хаалт, халдвар хамгааллын өмсгөл, оношлуур зэргийг хандивлаад эхэлсэн билээ. ОХУ-ын улсын хамтаар Бээжин коронавирусын эсрэг вакцины хомсдолд ороод буй улс орнуудад вакцин хандивлаж эхэлсэн ба Шри Ланка улс Хятадын Синофарм компанийн коронавирусын эсрэг вакцины 1.1 сая тунг хүлээн авчээ.
Түүнчлэн Шри Ланкийн засгийн газар Оросын Спутник-Ви вакциныг худалдан авахаар төлөвлөжээ. Бээжингийн зүгээс Шри Ланкад мөн санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлээд байгаа ба зарим ажиглагчид Бээжин үүгээрээ Шри Ланка дахь нөлөөллөө нэмэгдүүлж байна гэж үзэж байна.
Шри Ланка нь Балба, Пакистан, Бангладешийн хамтаар Бээжингийн олон улсын худалдааг тэлэх дэд бүтцийн томоохон төсөл болох Нэг бүс-Нэг зам санаачилгад багтаж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд Бээжин Шри Ланкийн дэд бүтэц, хөгжилд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба Шри Ланкийн зарим иргэдэд эх орон нь хятадуудад худалдагдсан мэт санагдах болсон гэжээ.