Иргэний үнэмлэхээр вакцины давтан тунд хамрагдсан эсэхийг шалгадаг болов
Цар тахлын улмаас тогтоосон хатуу хөл хорио 2021.05.08 -наас суларч хайпермаркет, их дэлгүүр, хүнсний зах, худалдааны төвийн барааны тасгууд, гэр ахуйн бараа, тавилга, модны зах, барилгын материалын төвийн 67 аж ахуй нэгжийг нээсэн бол тавдугаар сарын 10-наас төрөлжсөн барааны худалдааны төв, авто техникийн зах, төв зэрэг 27 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээсэн.
Харин 5 сарын 15-наас Кофе шоп, бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй, чийрэгжүүлэх төвүүд /Фитнес, заал/, бассейнийг 50 хувийн дүүргэлттэй нээсэн бол УОК-ын шийдвэрийн дагуу хүний хөдөлгөөн ихтэй “Нарантуул”, “Хархорин”, “Шинэ сандэй”, “Сандэй плаза”, “Шөнийн зах”, “Дүнжингарав” зэрэг барааны худалдааны төвүүд, “Бөмбөгөр”, “Содон бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр” зэрэг худалдааны төвийн барааны тасгуудыг тавдугаар сарын 22-нд нээхээр бэлтгэл ажлыг хангажээ.
Нээгдсэн үйлчилгээний газруудад иргэдийг нэвтрэхэд вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон байх, ковид 19-өөр өвчлөөд эдгэрсэн иргэн эмчийн магадлагааг үндэслэн үйлчлүүлж буй. Тэгвэл вакцины бүрэн тунд хамрагдсан эсэхээ E-Mongolia-н Covid 19- Verify аппликейшинээр иргэний үнэмлэхний QR уншуулж шалгадаг болжээ.
Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болох юм байна.