Бурхан багш Будда 2,500 жилийн өмнө бясалгалын хүчээр төгс гэгээрлийг олоод, хамгийн түрүүнд айлдсан сургааль нь “4 үнэний сургааль” болов.
- Зовох нь үнэн.
(Амьдрал бол мөн чанартаа зовлон юм хэмээх үнэн)
- Зовлонд шалтгаан буй нь үнэн.
(Зовлонгийн шалтгаан нь тачаал юм хэмээх үнэн)
- Зовлонг гэтлэх нь үнэн.
(Тачаалыг арилгасанаар зовлонг гэтлэх үнэн)
- Зовлонг гэтлэх арга зам үнэн.
(Тачаалыг арилгаж гэгээрэлд хүрэх 8 мөрт замын үнэн)
Зовлонгийн үнэн, шалтгааны үнэн, зовлонг гэтлэх үнэн, 8 замын үнэн. Эдгээр үнэнийг эргэцүүлэн бодох дор, Буддизм хэмээх шашин нь чухамдаа эмнэлэг мэт оршихуй юм хэмээх эгэл сэтгэгдэл төрнө. Буддын шашин бол “Сэтгэлийн эмнэлэг” юм.
“Зовлон” бол өдийг хүртэл “амьдрал юутай жаргалтай” хэмээн инээж явсан хүн гэнэт өвчин гамшигтай учиран “амьдралын хүнд хэцүү”-г биеэр мэдрэх явдал боловч, үүнийг зүйрлүүлж хэлбэл, эрүүл саруул алхаж явсан хүн гэв гэнэт гэдэс нь өвдөж, өвдсөндөө шаналан бачуурахтай төстэй явдал юм. Тэгээд тэр нь тэвчихүйеэ бэрх болоод ирвэл эмнэлэг бараадна. Эмнэлэг юун түрүүн “шалтгаан”, өөрөөр хэлбэл юунаас болж өвдсөн болохыг нь шинжилнэ. Юунаас болж гэдэс өвдсөнийг нь эмч тогтоож өгнө. “Зовлонг гэтлэх” гэдэг нь шинжилгээний хариуд тааруулж хэрхэн яаж эмчилбэл зохилтойг тунгаах шат юм. Эмчилгээний жорыг гаргаж, хагалгаа хийх үү, эм уух уу гээд бүхий л аргыг тооцож үзнэ. Эцэст нь “зам” гэдэг нь бодитоор эмчилгээ хийх процесс юм.
Буддын шашныг сэтгэлийн эмнэлэг гэдэг утгаар нь тунгаан бодвол, түүний оршин буй утга учир ч илэрхий болж харагдана. Нэгэнтээ л эмнэлэг юм хойно, буддын шашны хийх ёстой ажил бол өвчтэй хүмүүсийг анагаах явдал юм. Тиймээс эсрэгээрээ өвдөөгүй хүмүүст огтхон ч шаардлагагүй гэсэн үг. Тиймдээ ч эмнэлэг хэрэг болгож гадагш гаран эрүүл хүмүүсийг чирч авчираад эмнэлэгт хэвтүүлэх гэдэггүйн адилаар, Буддын шашин ч бас зовж шаналаагүй хүмүүсийг өөрийн сүсэгтэн болгохоор хүчлээд байдаггүй. Эмнэлэгийн зорилго бол өвчтөнүүдээ олшруулж өөрийн нөлөөг өргөтгөх явдал бус, эрүүл мэндийн асуудалдаа аргаа бараад зорьж ирсэн хүмүүсийг хүн ёсоор хүлээн авч, өвчнийг нь анагааж өгөх явдалд оршдог. Буддизм хэмээх шашин элдэв шашны суртал ухуулга хийж мунгинадаггүйн учир нь чухам үүндээ бий юм.
Христийн шашин зэрэгт бол “Есүсийн сургаалийг бүх хүн төрөлхитөнд түгээе” гэх нь анхнаасаа сүсэгтэнүүдийн зорилго бөгөөд, тэгсэнээрээ бурхантай хийсэн гэрээгээ мөрдөж буй явдал болдог тул, итгэгчид нь ирээдүйд диваажинд очихын тулд чадлынхаа хэрээр шашнаа түгээж явдаг. Үүгээрээ Буддын шашнаас эрс ялгарч байдаг.
Буддын шашинд шашны ухуулга хийлээ гээд өөрөө аврагдана гэсэн ном үгүй. Буддын лам нар огтоос шашны сургааль ухуулга хийдэггүй юу гэвэл тийм биш ч, хийдэг шалтгаан нь хавьгүй амьдраллаг бодит үндэслэлтэй. Түүний нэгдүгээрх нь, хэрэвзээ зовж шаналан буй хэн нэгэн бий бол түүнд хүрч туслахыг зорих энэрэнгүй сэтгэл. Хэлбээс “эмч хүний чин сэтгэл” тэнд буй. Хоёрдугаарх нь, шинэ гишүүн элсүүлж сүм хийдээ үргэлжлүүлэн залгуулах явдал. Гурав дахь нь гэвэл, хүн ардын итгэл хүндэтгэлийг хүлээж, түүнийхээ хариуд өргөл барьц авах явдал. Буддын шашны даяанчлагч нь аж ахуйн амьдралаас эгнэгт холдож, бүхнийг даяанчлалдаа тууштайгаар зориулахгүй бол болохгүй учиртай тул, энгийн иргэдийн өргөл барьцгүйгээр амьдарч чадахгүй. Гэхдээ сургааль ухуулга хийх үүрэг хүлээсэн зүйл огт үгүй тул, эрт цагийн лут лам хуврагууд дунд ямар ч сургааль ухуулга хийлгүй эхнээсээ дуустал зөвхөн даяанчлалдаа амьдралаа зориулсан хүмүүс ч олон бий.
Христийн шашин болон Буддын шашны сургааль ухуулганд хандах ялгаа нь, Есүс ба Буддагийн анхлан гарч ирсэн ялгаанаас улбаатай гэж санагдана. Есүс бол анхнаасаа “Аврагч эзэн” хэмээгдэн олны өмнө гарч ирсэн бол, Будда нь анхандаа зөвхөн өөрийн зовлонг гэтэлгэх зорилгоор даяанчлалд орж, бусдад туслах тухай бодол анхнаасаа агуулж байсангүй. Дал модны дор төгс гэгээрлийг олсон тэр үедээ ч бас өөрийн гэгээрч мэдсэндээ баясан, түүндээ ихэд сэтгэл хангалуун байсан гэдэг. Тэгтэл домогт гардагаар бол, тэр үед Будда дээр Брахма тэнгэр ирж “Та өөрийн хүрч очсон гэгээрлийн зам мөрөө номлож айлдвал магад олон хүн аврагдах биз. Түмэн олонд сургаалиа айлдаач” хэмээн ятгасанаар Будда сургаалийн замд орохоор шийдсэн гэдэг.
Буддын шашныг төсөөлөн зүйрлүүлэх дор, нэгэн “цааш алхан сургах багш лам”-ын төрх санаанд буудаг. Өөдөөс хараад бүхнийг ятган сэнхрүүлж олон түмнийг уриалан цуглуулах гэж бус, хичээнгүйлэн сүсэглэн бясалгах өөрийн ар нуруугаа бусдад харуулна. Түүнийг нь харж битүүхэн шохоорхож, “би ч бас энэ замд ормоор байна” гэж бодсон хүмүүс үр дүнд нь хойноос нь даган цувна. Үүнийг л Буддын шашны бодит төрх хэмээн төсөөлөн бодох билээ.
Эх сурвалж: ТОМё БОДё