Ичгүүр, сонжуур гэж юу вэ?
Муу үйл үйлдэхэд “өөрөөсөө ичдэггүй” нь ичгүүргүй буюу нүглийн, эсрэгээр ичдэг бол буяны сэтгэл болно. Өөрөөсөө ичээд буруу үйл хийхээс зайлсхийвэл буян, үгүй бол нүгэл юм.
Жишээлбэл, би өөрөө л болж байвал бусад хамаагүй гэж бодон хулгай хийх нь ичгүүргүй явдал. Нөгөө талаар би хулгай хийвэл нэр төрөө алдана гэсэн сэтгэл үүсч болно. Энэ хоёр оюуны зоригдсон орон өөр өөр байна. Нэг нь ологдохууны оюун тул зовлон, нөгөө нь тэвчигдэхүүний оюун тул буян төрүүлнэ. Иймд ичгүүргүй сэтгэлийг тэвчих хэрэгтэй. Би сахилаа алдана шүү дээ гэж бодож ичих байна.
Муу үйл үйлдэхдээ “бусдаас ичдэггүй” нь сонжуургүй сэтгэл юм. Ийм сэтгэлүүд нь мунхаг, уур, шуналаас үүдэлтэй. Бусдаас ичихгүй хулгай хийх эсвэл аав ээж, ах дүү, багш нарынхаа нэр төрд халтай гэж бодож тэвчих байж болно. Сонжуургүй сэтгэлээс болж бусдыг хуурах, зодох зэрэг олон муу үйл гарна. Иймд үйлээ сайтар шинждэг байх хэрэгтэй. Аливааг судалж үзэж байж үйлдэх хэрэгтэй. Бидний нэр төр, амар амгалан байдал эргэн тойрны бусдаас хамаардаг. Үүнийг бодож ичгүүр, сонжууртай байх чухал. Үгүй бол гурван муу заяанд унах хэргийг бүтээнэ.
Зовлон, бухимдал, бүх муу зүйл дээрх хоёр сэтгэлээс үүддэг. Энэ хоёр сэтгэлийн үйл үйлдэл дэлхий даяар хорлол тарина, эсрэгээр бол амар амгалан авчирна. Энэ талаар хэлж ярихад амархан. Хүн өөрөө анхааран авч, гарын авлага болгон хэрэгжүүлэх нь чухал. Дээрхийн гэгээн XIV Далай багш хамаг амьтныг хайрлах хэрэгтэй гэж айлдахад дэлхий даяар түүний үгийг даган дуурайж байна шүү дээ. Өөрөө үйлдэж, анхааран авлага болгосон учраас хэлж айлдсан нь хүн болгонд хүрч, тусч байгаа юм.
Хүний сэтгэл амар амгалан байх нь өөрийн сэтгэлийг сайтар шинжиж мэдэх явдал юм. Сэтгэлийг судалж мэдэхийг олон хүн хүсч байна. Сэтгэлийг зөвд дадуулж байж бид өөрийн амгаланг бүтээнэ. Муу зүйл хийсэнд сэтгэл хямарч байгаа бол буян. Өөрөөр хэлбэл, буруугаа таньж байгаа нь буян юм. Сэтгэл хямраад байгаа бол наманчилж чадахгүй, аргыг нь мэдэхгүйд байна. Үйлийн үрийг сайтар бодож, хэрхэн гарч, боловсордог талаар бодож, бясалгах хэрэгтэй.
Түвдэн Зопа гэвшийн айлдвараас...