Херо Баатараар PR-чин хийлгэсэн нь Х.Баттулгын алдаа байсан, одоо Л.Оюун-Эрдэнэ дүүгээ самрахаа боль...
Баатар аа, дүүгээ самрахаасаа өмнө ирж дүүргээгүй ажлаа дуусгана уу...
Энэ хүнд асар их учир байна аа. "Би чамд хайртай-2", "Татар ажиллагаа" гэдэг хоёр киноных нь хийц, найруулга, санааг хараад аргагүй найруулагч юм даа гэж бодож байлаа. Эхлэл нь ийм байгаа юм чинь жигдрээд ирэхийн цагтаа жир бус дэлгэцийн бүтээлүүд туурвиж, кино урлагт хээ хуар, хэлэмж хийцээ тод үлдээх юм байна даа гэсэн найдвар өвөрлөсөн үзэгч олон доо.
За гэтэл яав. Яг үнэндээ одоо эргээд харахад Херо Баатараар PR-чин хийлгэсэн нь Х.Баттулгын алдаа байсан мэт бодогдож байна. Уран бүтээлч хүн мөнгө л олдвол дараагийн бүтээлээ хийх гээд шатаж явдагсан. Гэтэл үүний маань нэр Женкогийн алдарт төмөр замын тархи угаалтаас эхлээд, сонгуулийн уянгын драмаар удаалаад, Хүүхдийн төлөө фондоор үргэлжлээд өчнөөн мөнгөтэй холбогдож, төчнөөн тэрбумаар чих дэлсдэг хэрнээ дэлгэцийн урлагт дэлгээтэй ааруул шиг дэглэж урласан юм алга. Нэг л их уран сайхны тавилт, улс төр хоёр. Уг санаа нь үргэлжийн хагалан бутаргах, хайрцаглаж чихэх, хэлэх гээд байгаа үнэн санаагаа хэдэн дусал нулимсаар тордох...
Баатар ороод ирэхээр л амьдралаас тасраад, алъя гэмээр үнэ мөнгө үнэртээд явчихна. Нөгөө "Би чамд хайртай-2" кинон дээр Болдын өмсдөг эгэл хүрэм, энгийн амьдралтай хийц хаачив? Энэ маань ингэтлээ амьдралаас тасрав уу? Эсвэл ээрээд л, төөрөөд л яваа нь энэ үү?
Дүүгээ Ерөнхий сайд болсноос хойш "Карантин-14", Мэдээллийн урсгал гээд хоёр ч тэрбум тэрбумын өртөг шингэсэн гэх шоу хийлээ. Хийц, лэс дараалал, хэлэмж, өнгө будаг нь яах аргагүй Баатар л даа.
Мэргэжлийн бус хүн юм болохоороо сэтгүүлзүйн салбараар нэлээн ч тоглолоо. Ганцхан сувгаар, бүх мэдээллийг нэг л өнцөгөөр хүлээж авна гэдэг нь сэтгүүлзүй биш, этүүрзүй болчихож байгаа юм. Ардчилсан зарчмын хувьд бүр алуур болж хувирна. Мэргэжлийг нь эзэмшээгүй юм болохоор салбар самрах хайран биш л байх шиг байна.
Одоо Соёлын сайд Номинг барьж авчихаад бас л уран сайхандаж явна. Харагдаад, танигдаад, инээд хүргээд байна. Д.Оюун-Эрдэнэ тун удахгүй дараагийн Женко болоод, PR нь нэг л өнгөлөг, мөнгөлөг болоод эхэлбэл гайхах юм алга. Уг нь тэр залуу жинс, хүрмээ өмсчихээд жирийн амьдрал дунд ажлаа хийгээд гүйж явах нь илүү дээр байсан юм.
За тэгээд шууд л хэлчихье. МАН бол ганц PR-чинд найдсан ганц улстөрчтэй адилгүй. Энэ намыг нэлээдгүй зарчим, итгэл үнэмшил, сахилга батаар Хүрэлсүх барьж байна. Оюун-Эрдэнэ ахтайгаа нийлээд, ганц студи дээр амь амьсгалыг нь зангидаад барьдаг ч юм биш. Херо Баатар дүүгээ дагаад дүрээ хувиргаад байгаа нь эгэл гишүүдийнх нь итгэлийг ч бас саармагжуулж байна. Цаашдаа МАН хэд задрах эхлэл болохыг ч үгүй гэхгүй.
Тэгэхээр байна аа Баатар аа, одоо болно. Эгэл жирийн уран бүтээлчийн амьдралдаа эргэж ир. Дүүгээ самрахаасаа өмнө дүүргээгүй ажлаа дуусга. "Би чамд хайртай-3" энэ тэрээ хийхгүй юү!
Р.Эмүжин