Баярлалаа “КОРОНАВИРУС” минь
Чамайг хор хөнөөлтэй, хар мөртэй гэж олон хүн хэлэлцэж, үзэн ядаж буй энэ үед чамд зориулж захидал бичиж буй минь энэ. Миний захидалд чамайг тухгүй болгох үгс ховор гэдгийг юун түрүүнд хэлэх байна. Танай гэр бүлийн төрлийн “ВИРУС” манай гаригт анхлан илэрсэн цагаас хойш бид тэмцэлдэж, ялж ялагдсаар өдий хүрсэн хэдий ч энэ удаагийнх шиг, чам шиг дуулиан шуугиан тарьсан ховор л доо. Тиймээс чи бол жинхэнэ “битүү морь” байлаа. Өө нээрээ бид чамд нэр өгсөн байгаа. “COVID-19” гэж, таалагдахгүй байвал бүү санаа зовоорой. Улс, орон бүр чамд өөр өөрийн нэрээ хайрласан. Манай улс л гэхэд чамайг, чиний анхны айлчлалыг “АНХ-ОТГОН” гэсэн их л билэгшээлтэй нэр хүртэл өгсөн шүү. За тэр яахав.
Чиний дуулиан эхэлсэн 2020 он яг л нэр шигээ “ХОРЬ, ХОРЬ” гэсэн үгээр дүүрэн он жил байлаа. Түүхэндээ анх удаа бидний эх дэлхий сая нэг ааг, амьсгаа авч “ХҮН” гэдэг араатаны үйлдлийг хориглож, гэр гэрт нь байлгаж, цэнхэр гариг маань ажин түжин, анир гүм байлаа. Чиний ач гавъяа шүү дээ. Чамд лав энэ бөмбөрцөг “Баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлэх байхаа.
Надад чамд зориулж хэлэх хэдэн зүйл байна. Юу гэхээр “Амьдрал гэдэг ямар их үнэ цэнэтэй, утга учиртай болохыг; Амьд байна гэдэг л өөрөө хичнээн их жаргал болохыг; Бидэнд гэр бүл гэдэг тэр бүр анзаараад байдаггүй ч “БАЯЛАГ” байдаг гэдгийг; Өмнө нь тасалчих л юмсан гэж л бодон дуртай дургүй нэг юм өглөө бүр явдаг ажил, сургууль маань өөрөө “Баяр баясал” байсныг; Үгүй ядаж л хотынхоо гудмаар алхах, эрхэм дотны хүмүүстэйгээ хүссэн үедээ уулзах, тэврэх, дотночлон мэндчилэх нь өөрөө “халуун дулаан” илч байсныг ойлгоход; Бид бүхэнд үгээр хэлж, бичиж барахгүй их “ЭРХ ЧӨЛӨӨ”, “УТГА УЧИР”, “АЗ ЖАРГАЛ” байсныг ойлгоход чи л тусаллаа, бас чадлаа. Баярлалаа !
Бид өчнөөн жил итгэж, найдаж ирсэн төр засаг гэдэг “ХҮМҮҮН”-ий үнэн нүүр, мөн чанарыг чи л бидэнд ил болгож харуулж, таниуллаа, төр гэдэг “ХҮМҮҮН”-ээс дутахааргүй “БИД” өөрсдөө ч гэсэн ямархан өчүүхэн, амин хувиа хичээсэн, харгис, сул дорой болохоо ч харлаа, үзлээ. ҮНЭН гэдэг яг үг шигээ л үнэн бас хатуу байдаг юм хойно. Энэ бүхэн бол чиний л ач шүү дээ. Дахин баярлалаа !
Шинжлэх ухаан гэдэг бурханы ачаар, өмнө хэлсэнчлэн хүн гэдэг араатны өөр нэг сайн талын ачаар бид чамтай хүч үзэх, ялан дийлэхэд ойрхон байгаа ч энэ удаагийн тэмцэлд ялагч үгүй ч ухаарал нь их байлаа.
Эх сурвалж: Лхамсүрэн Дашхорол