Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг 81 хувиар буурчээ
Цагдаагийн байгууллагын зүгээс 2020-2021 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бусаар улсын хил нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 бүлгийг илрүүлсэн хэмээн Хар тамхи ба хөл хорио хэлэлцүүлгийн үеэр дурьдлаа.
Тус газраас дээрх хугацаанд нийт 56325 хүний 1 удаагийн хэрэглээний бодисыг хураан авч, гэмт үйлдлийг таслан зогсоож ажиллажээ.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1.3 дах хэсэгт заасны дагуу мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгж буюу нэг зуун мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг.
Харин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн бол өөрөөр хэлбэл Монгол Улсад хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад өгсөн, тээвэрлэсэн, худалдсан, улсын хилээр нэвтрүүлсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял, шийтгэлийг шүүхээс оногдуулдаг байна.
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мансууруулах бодисын хэрэглээ, хамааралтай болсон хүнийг эрт илрүүлж, бүртгэл хяналтанд авч, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзуулах, шаардлагатай эрүүл мэнд, сэтгэц заслын тусламж үйлчилгээг үзүүлэх, нийгэмшүүлэх замаар хэрэглэгч, донтогч нэг бүрийг дахин хэрэглэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг зорьж байгаа аж. Мөн зорилтот бүлэгт чиглэсэн “Хасах 25” төслийг хэрэгжүүлж тандалт судалгааны ажил болон олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “ГЭР БҮЛ болон СУРГУУЛЬД” суурилсан ухуулга, нөлөөллийн ажлыг эхлүүлж, эцэг эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгч нарт сургалт зохион байгуулж ажилласнаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний тоо 2020 онд 63.4 хувиар, 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 81 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.