Таны зугтах ёстой 7 төрлийн хүн
-Сөрөг энергитэй хүмүүсийн хүрээлэлд байснаар танд амгалан тайван амьдарч, ажил төрөлдөө өсөн дэвжих боломж үгүй-
Бидний эргэн тойрон хүссэн хүсээгүй янз бүрийн зан төлөв болоод хүмүүжилтэй, эерэг болоод сөрөг бодол санаатай хүмүүс холхилдож байдаг. Гэсэн ч өөрийгөө сөрөг бодол санаатай, гутрангуй үзэлтэй, ирээдүйд итгэл муутай, хүсэл мөрөөдөлгүй хүмүүсээс хол байлгаж, эерэг зөв бодолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж чадсанаар амьдрал болоод ажилдаа амжилт ололтоор дүүрэн явах, хүсэл мөрөөдөл бүхнээ гүйцэлдүүлэх боломж бий болдог.
Харамсалтай нь таныг өөд нь татахаас илүү доош чангаах хүн олон таарах вий. Ийм хүмүүс ойр дотны нөхөд, хамаатан садан дотор чинь байвал сайн сайхныг өөрөөсөө үргээхгүйн тулд "үгүй" гэж хэлж чадах зоригтой байх хэрэгтэй. Тэгээд ч муу муухай зүйлээс салснаар өөрөө өөртөө сайн сайхан зүйлд зай гаргаж байна гэсэн үг. Иймд өөрөөсөө аз жаргалыг холдуулахгүйн тулд ямар төрлийн хүмүүсээс хол явах ёстой вэ гэдэг дээр зөвлөгөө өгье.
1. Байнга хэрүүл шуугиан өдөж, муу үгээр утаж явдаг хүн
Эмэгтэйчүүд ихэнхдээ, зарим тохиолдолд ийм эрчүүд ч байх нь бий. Ямар нэг онцын шалтгаангүйгээр хэрүүл өдөж, уур амьсгалыг эвдэж, амьдралыг утга учиргуй болгож байдаг. Тэдний занганд бүү ор, хэрүүлд бүү оролц, зүгээр л хол бай, зугтаа.
Муу, доромж үгэнд тийм байдлаар бүү хариул. Гарах гарцгүй бол тайван байдлаа хадгалж, хүйтэн бөгөөд шийдмэг байдал үзүүл. Сүр хүч үзүүлж, буулгаж авахын тулд таны өрсөлдөгч орилж хашгирч, аль муу үгээр харааж зүхнэ. Та тэр хэрээр улам тайван амгалан болж, хэлэх үгээ бодоод намуухан өнгөөр хариул.
Өөрийгөө муу муухай зүйлээс хол байлгаснаар мөн хэрүүлийг хэрүүлээр биш тайван байдал ухаанаар зохицуулснаар та бусдад үлгэр дууриал болж, биеэ авч яваа байдал, хүмүүжлээрээ бусдыг зөөллөнө. Хүмүүстэй аль болох харилцаанд орж, өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, бас бусдыг сонсож, бусдад сайн сайхныг түгээгч болсноор илүү их хүндлэгдэх болно.
Харин таны энэ байдалд нөгөө хүн автахгүй, улам үзэн ядаж, хэрүүл өдөж, муу муухай үгээр дайрдаг хэвээрээ байвал тэр хүнээс нэг мөсөн нүүр буруулсан нь дээр.
2. Ямар ч сайхан зүйлд баярладаггүй, сэтгэл ханадаггүй, дандаа сэтгэл дундуур байдаг хүн
Тэр хүний төлөө ямар ч сайхан зүйл хийгээд таныг үнэлэхгүй, баярлахгүй, сэтгэл нь ханахгүй байвал энэ хүний тухай хандлагаа өөрчлөх цаг иржээ.
Таныг хүндэлдэггүй, хийсэн зүйл чинь таалагддаггүй, таны тухай дандаа сэтгэл дундуур байж хийсэн зүйлээс чинь өө хайдаг хүн ойр дотныхон дотор чинь байна уу? Бас өөрийгөө дөвийлгөөд, юм л бол чиний энэ ч дээ гэж голоод байвал энэ хүнээс хол байх цаг нь болжээ. Ийм хүнд таалагдах гэж, ойр байх гэж цаг үрэх шаардлагагүй. Та хангалттай хичээсэн гэж үзэж байгаа бол цаашид өөрийгөө улам дорд үзүүлж, сэтгэл санаагаар хохирохгүйн тулд холдох цаг ирлээ. Түүнд зарцуулсан цаг хайран ч гэлээ асуудлыг бүр хүндрүүлж өөрийгөө доош татуулахгүйн тулд зүгээр л зоригтойгоор өөрийнхөө замыг хөө.
3. Гутранги үзэлтэн, хүсэл мөрөөдлийг тас цавчигч
Хүсэл мөрөөдлийг чинь доог тохуу хийж, чи чадахгүй дээ гэж дандаа унтрааж байдаг хүн бол таны ирээдүйд хөндлөн ургасан асар том царс мод л гэсэн үг. Ийм хүмүүс таны мэдлэг чадварыг үнэлдэггүй, өсөн дэвжээсэй гэж хүсдэггүй, өөрсдийнхөө хэмжээнд байлгахыг хүсэгч бул хар чулуунууд юм.
Ийм хүмүүсийн хажууд байнга байна гэдэг асар хохиролтой. Учир нь та хүсэл мөрөөдлөөсөө ухарч ч болох юм. Ингэснээрээ тэд таны сайн сайхан амьдралыг хулгайлж буй хэрэг. Ингээд тэдний хүссэнээр зүгээр л нэг бүтэлгүй амьтан болж хувирна.
Иймд таны амьдралын хүсэл мөрөөдөл, ирээдүйд хүрч болох амжилт, боломжууд бусдын муу бодол санаагаар сүйрэн алга болно гэсэн үг. Иймд хүсэл мөрөөдөлдөө үнэнч байж, бусдын таныг дорд үзсэн бодол санаа худал гэдгийг батла. Бусдын амьдралаар биш өөрийнхөө амьдралаар амьдрахын тулд тэмц.
4. Ашиглагч
Өөрийн зорилгод хүрэхийн тулд бусдыг ашиглаад, үр шимийг нь хүртээд эзнийг хаядаг тийм хүмүүс хаа сайгүй тааралддаг. Таны чадал, эрдэм мэдлэг таны өөрийн сайн сайхны төлөө биш хэн нэгний атгаг санааг гүйцэлдүүлэхийн тулд ашиглагдана гэдэг маш харамсалтай. Ийм төрлийн хүмүүс дотор бас бусдаас өш хонзонгоо авахын тулд таныг турхирч ашиглаад, хэрэгт түлхээд өөрөө ард нь цэвэр үлддэг тийм хүмүүс бас орно. Харин буцаад танд түүний хэрэг болоход тэд зугтаана, эсвэл огт танихгүй мэт аяглана.
Ийм хүмүүс нэлээн дээрэнгүй, захирч тушаах тулгах дуртай байдаг. Чамаас илүү, бас чи надад захирагдаж, хий гэснийг хийх ёстойг мэдрүүлэхийг чармайж байдаг. Эсвэл зарим нь уран яруу үгээр урхидаж өөрийн төлөө ашигладаг. Өөрт нь тулсан асуудал чинийх мэт аяглаж, өөрт нь болж бүтэхгүй зүйл чамаас болж буй мэт аяглаж эрхэндээ оруулахыг хүснэ. Бусдын эрхээлд явах хугацаа дууссан, одоо өөрийнхөө төлөө явах цаг болсон гэдгийг та мэдэрсэн бол түргэхэн салах ёс гүйцэтгэсэн нь дээр.
5. Таныг өөрийнхөө эрхээр байлгахыг хүсэгч
Таныг байгаагаар чинь хүлээж авахыг хүсдэггүй, байгаа байдал чинь таалагддаггүй. Иймд таныг байнга шүүмжилж, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж, тэдний хүссэн бүхнийг хийхийг шаардаж байдаг. Бусдад таалагдахын төлөө шаардсан бүхнийг нь хийгээд явбал та өөрөө хэн бэ гэдгээ ойлгохоо болино. Таны хүсэл мөрөөдөл бүхэн замхарч, өөрөөрөө байх чадвараа алдаж, ингэснээр дургүй мэргэжлээ эзэмшиж, хүсээгүй ажлаа хийж, дурлаагүй бүсгүйтэй ханилах болно. Ганц олдох амьдралдаа сэтгэл дундуур амьдарна.
Ах дүү хамаатан садан тэр байтугай найз нөхөд чинь хүртэл жилээс жилд төлөвшин өөрчлөгдөж байгаатай тань эвлэрэхийг хүсдэггүй. "Чи ч ийм хүн байгаагүй л юмсан. Дандаа үгэнд ордог сайн хүүхэд байсан, одоо хар даа аавынхаа үгнээс зөрж инженер болно гэнэ. Чи аав шигээ эмч л болох ёстой", "Багадаа даруухан сайхан охин байсан. Одоо өмссөн зүүснийг нь хар даа. Яг л янхан шиг харагдаж байна", "Чи өөр болжээ. Дандаа надтай хамт гадуур тэнэж ПС тоглодог байсан, онц сурлагтан болох гээ юу" гэж өсч том болсон, үзэл бодол чинь өөрчлөгдөн төлөвшиж байгааг чинь хүлээж авахыг хүсдэггүй, өөрсдийнхөө бодсон хүссэнээр л тэр чигт нь байлгахыг хүснэ.
Энэ тохиолдолд ихэнх нь гэр бүл ойр дотныхон тань байдаг тул заавал маргах, эсэргүүцэх хэрэггүй. Гэхдээ эцсийн шийдвэрийг та өөрөө гаргах нь зүйтэй гэдгийг л мэдэж байхад болно. Ингэснээр чамд тэд гомдож, холбоогоо таслаж, тэр байтугай орхин одож, үзэн ядаж ч магадгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт чиний зөв байжээ гэдгийг бүгд ойлгоно. Учир нь чи хүний зааснаар биш, өөрийнхөө хүссэнээр амьдарсан тул илүү аз жаргалтай, хүсэл мөрөөдлөө гүйцэлдүүлэн амьдарч байгааг харж хүлээн зөвшөөрөх болно.
6. Алдааг чинь үл уучлагч өндөр шаардлагатай найз
Алдаа гаргадаггүй төгс төгөлдөр хүн гэж хорвоо дээр бий юу? Ер нь ямар хүнийг сайн хүн гэх вэ? Алдаа гаргаад түүнийгээ засах гэж оролддог хүнийг хэлэх үү? Юутай ч бид алдаан дээрээ суралцаж байдаг гэдэг нь л харин үнэн юмдаг. Ингэж байж бид цааш явдаг.
Харин таны гаргасан алдааг байж болшгүй зүйл, хэзээ ч засаж болохгүй алдаа мэт хүлээн авч, үзэн ядаж, алдаагаа засах боломж олгодоггүй найз нөхөр бий юу. Өнгөрснийг чинь байнга дурсаж, алдааг чинь сануулж, сэтгэл рүү чинь хүйтэн ус цацдаг ийм найзаас даруй салах цаг болжээ. Учир нь тэр хэзээ ч засрахгүй учраас та түүний хувьд нөгөө л "бүтэлгүй амьтан" хэвээр үлдэнэ. Түүнд хэзээ нэгэн цагт үнэлэгдэж хүндлэгдэнэ гэж гордохын ч хэрэггүй.
7. Байнга шүүмжлэгч
Таныг байнга шүүмжлэгч. Хичээж хийсэн ч ямар нэг шүүмжлэх зүйл заавал олно. Хэн нэгнээр байнга шүүмжлүүлснээр өөрөө өөртөө итгэх итгэл алга болж, өөдөө тэмүүлэх гал унтарна. Ингэснээр өөртөө байнга сэтгэл дундуур явж, өөрийгөө юу ч хийсэн чадваргүй гэж дүгнэхэд хүрнэ. Ингэснээр өөрийн үнэ цэнээ алдана. Хэн нэгэн ажил даалгахад би чадах болов уу гэж эргэлзэж эхэлнэ.
Иймд байнгын шүүмжлэгчээс аль болох зайгаа барь. Учир нь яг адилхан цасан ширхэг гэж байдаггүйтэй адил бидний гарын хээ ч адилгүй. Үүнтэй адил хүн бүхэнд яг адилхан авьяас чадвар, зан чанар, оюун ухаан заяана гэж байхгүй. Харин өөрт Бурхнаас заяасан авьяас чадварыг хэн нэгнээр "бөхөөлгөх" хэрэггүй. Энэ галыг улам дүрэлзэн асаах уу, бусдаар унтраалгах уу гэдгийг таны сэтгэлийн зориг, тэвчээр мэднэ.
Төгсгөл
Хүмүүс таныг шүүмжилж, муу хэлж, үл тоож эсвэл зовлон тоочиж, ер нь юу дуртайгаа хийж л байг. Энэ бол тэд таны тухай биш өөрийнхөө тухай л ярьж өөрсдийнхөө мөн чанарыг л харуулж буй хэрэг. Тэдний ярьсан хэлсэнд өндөр ач холбогдол өгч сэтгэл санаагаар унаж эсвэл өөрийгөө өөрчлөх гэж оролдох, тэдэнтэй адилхан байх гэсний хэрэггүй.
Өөдрөг бодол сайхан амьдралын эхлэл гэдэг шүү дээ. Иймд бусдын нөлөө, хов жив, муу сөрөг бодол санаа бүхнээс ангижирч бие сэтгэлээ цэвэрлэ. Ингээд өглөө бүхэн босохдоо гэгээлэг сайхан зүйлийг бодож бос. Орой унтахдаа өдрийн амжуулсан бүхэндээ талархал илэрхийл. Өөрийнхөө амар амгалангийн төлөө бусдын гэмийг уучил. Нэг л мэдэхэд та ямар их аз жаргалтай, өөрийнхөө хүссэнээр, дуртай зүйлээ хийж баяр баясгалантай амьдарч байгаагаа мэдрэх болно.
Эх сурвалж: MARC CHERNOFF