Хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно
Хойд хөрш сүүлийн жилүүдэд маш хүчтэй болж байгаа. Орос сүүлийн 20 гаруй жил бүх салбартаа ёс суртахууныг маш өндөрт өргөж, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх олон талтай ажил үйлсийг нийгмийн бүх хүрээнд зохион байгуулж чадсан.
Хамгийн сүүлд гэхэд Сирид Оросын сөнөөгч онгоцны нисгэгчийн онгоц нь суманд оногдоод, онгоцноосоо амжиж буугаад босогчидтой тэмцээд, сум нь дуусч босогчид баривчлах гэхэд нь өөртөө авч явсан гранатаа дэлбэлж, амь насаа эх орныхоо төлөө нэр төртэй золиосолж байна. Ийм ард түмэнтэй улс орон хөгжиж дэвшдэг.
Гэтэл өнөөдөр Монголын төрийн үзэл суртлын гол зорилго нь зөвхөн мөнгө. Хүсэл нь хэзээ ч ханашгүй тансаг хэрэглээ болчихсон учраас бид ингэж доройтож, талцаж байна.
Дээр нь дэлхийд бараг хамгийн ёс суртахуунгүй ард түмэнд тооцогдож байна. Өнөөдөр манайд шинээр эмхлэгдсэн УИХ ч, шинээр бүрэлдсэн Засгийн газар ч, түүний удирдлага тэргүүнүүд юу гэж боддог вэ гэхээр “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засгаа л босгоно” гэдэг. Гэтэл үгүй шүү дээ. Ерөөсөө л хүнийхээ ёс суртахууныг ариусгаж бид хөгжил дэвшлийн замд орно.
Үнэнийг хэлэхэд, өнөөдөр монголчууд бид бие биенээ тойрч хулхидаж, бие биеэ залилж мэхэлсээр байгаад дуусах дөхөж байна.
АКАДЕМИЧ С.НАРАНГЭРЭЛ