Б.Буянтогтох: Хавдартай, архаг суурь өвчтэй хүмүүс Vero Cell вакцин хийлгэж болно
Хавдартай, архаг суурь өвчтэй хүмүүс Vero Cell вакциныг тариулж болно гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.
Тэрбээр "Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийнхнээ эрсдэлээс хамгаалах зорилгоор халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн болон хавдартай, бөөрний дутагдалтай буюу архаг хууч өвчтэй хүмүүст AstraZeneca, Pfizer вакциныг хийж байсан. Гэтэл иргэд Pfizer вакциныг энэ хүмүүст хийх ёстой гэж ойлгожээ. Одоо заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх шаардлагагүй. Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань "Энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй" гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв. Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно. Эдгээр хүмүүс Vero Cell вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт" гэв.
Эх сурвалж:www.polit.mn