Бид ер нь хэр удаан амьдрах боломжтой вэ?
Сүүн тэжээлтний амьдралыг ажиглаж судалсны үндсэн дээр тэдний нас бие гүйцэх хугацааг нэг цикл гэж үзвэл, нийт амьдрах хугацаа нь 5 циклтэй тэнцүү байдаг гэдгийг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл хүн 25 насандаа нас бие гүйцдэг гэвэл дунджаар 125 жил амьдрах ёстой гэсэн үг.
Бас нэгэн баримт бол саяхан хүний зүрх ойролцоогоор 130 орчим жил ажиллах чадвартай гэсэн байхыг уншлаа. Тэгээд бодохоор 100-аас дээш, 120 энэ тэр бол өлхөн хүрчихээр тоо харагдаад байдаг. Харин бид чинь улс үндэстнээсээ хамаараад 60-90 жилийн хооронд л дундаж наслалт байгаа. Яагаад тэр Байгалаас өгөгдсөн хэмжээнд хүрдэггүй вэ гэхээр мэдээж бүгдийн мэддэг нөгөө л орчны бохирдол, эрүүл бус хоол, хэвшил, хорт бодис энээ тэрээ мэдээж яригдана.
Бас хүмүүсийн өөрсдийн үүсгэдэг стресс, би хэмээгч буруу үзлээс үүдэлтэй олон өвчин өөрийн хувь нэмрээ маш сайн оруулдаг нь ойлгомжтой.
Миний хамгийн гол хэлэх гэсэн санаа бол бид өөрсдөө тархиа, далд ухамсартаа хэдий хэр амьд явахаа кодолж чаддаг явдал юм. Хэдий дээр дурдсан бэрхшээл саад бий боловч хангалттай өндөр насалсан түүх маш олон байдаг. Тэдний гол нууц нь тэдний ихэнх нь хэд наслах талаараа өөртөө бат итгэлтэй, урьдчилан төлөвлөсөн, эсвэл ядаж л хичээж амьдарсан байдаг.
Хоёрдугаар дайны хорих лагериас амьд үлдсэн (гэхдээ маш цөөхөн) хүмүүс бүгд л хэн нэгэнтэй заавал уулзах, ямар нэг зүйл хийх ёстой байсан байдаг. Өөрөөр хэлбэл тэдэнд үхлээс илүү амьд үлдэх шалтгаан, зорилго байсан байж таардаг.
Тэгэхээр бидний оюун санааны хүч, далд ухамсрын боломж хязгааргүй гэдэгт үл эргэлзэгч хүний хувьд хүн хэрвээ хүсвэл хэд наслахаа ч урьдчилан төлөвлөж болох юм. Яагаад болохгүй гэж?
Нэгэнт боломж потенциал нь олгогдсон байхад... Жишээ нь 120 наслах нь гарцаагүй бол 50 нас бол амьдралынхаа талд ч ороогүй л байна гэсэн үг.
Хамгийн гол саад бол бидний өөрсдийн тархи, толгойнд маань суучихсан нөгөө л 70 эсвэл 80 хүрчихвэл боллоо гэх бодол юм. Нэгэнт тэрэндээ итгэсэн учраас ерөнхий командлагчийн тушаалыг бие хэмээх албат нь дагахаас яахав. Тэгээд тэр төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд өвдөж, хөшиж эхэлнэ. Шинэ юм сурч сэргэхийн оронд мартах, будилах зэрэг вирусын программуудыг тархи чинь идэвхжүүлж эхэлнэ. Нэгэнт итгэсэн учраас дасгал энэ тэрээс хойш сууж (энэ нь бас тааламжтай санагддаг) хараа муудах, үе мөч өвдөх зэрэгт буугаад өгнө. Гэх зэргээр өөрийгөө устган сүйрүүлэх иж бүрэн хөтөлбөр хэрэгждэг.
Харин тэрний оронд өөртөө тэд наслана гэж төлөвлөгөө гаргаад тэдий хүртлээ тийм юм хийе, тийм тийм хэл суръя, эсвэл тэнд нөхөн сэргээлт хийж ой төгөл байгуулъя, эсвэл тийм мундаг дарга болье гэдэг ч юм уу өөртөө болон бусдад тустай, Байгал дэлхийдээ ч нэмэртэй сайхан, гэгээлэг зорилго урдаа тавиад амьдарвал болохгүй юмгүй шүү дээ. Хэрвээ тэгж зорилготой болвол түүндээ хүрэх гэж хүн сахилга баттай болдог. Өөртөө анхаарал хандуулж, эрүүл байхыг хичээж, сэтгэл бодлоо засах шалтгаан нь болж өгнө.
Бас дээрээс нь амнаас унагах үг яриагаа бодож, юм л бол хөгшин хөвөөгөө гайхуулах тусам тархиндаа гарцаагүй хөгшин гэдгээ давтан кодлоод байдгаа болих нь зүйтэй. Мэдээж насны эрэмбээр бусдад заах хэлэх нь зүй. Гэвч болгоож байхгүй бол хэлсэн үг бүрийг чинь далд ухамсар чинь тэмдэглэж аваад хэрэгжүүлэх шатруу илгээдэг гэдгийг мартаж болохгүй. Бас залуучууд арай ахимаг нэгнийг энэ одоо амьд байдаг юм уу, динозавр энэ тэр гээд нэрлээд байгаа нь өөрөө хэр богино наслахаа кодлоод байгаагаас өөрцгүй юм. Яахав хөөрхий буянаараа болог.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах