Токиогийн олимпын үеэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, өвдөглөн суусан, эсвэл гараа өргөсөн тамирчдыг Олон улсын олимпийн хорооноос шийтгэх гэнэ.
Тамирчдыг цэнгэлдэх дотор, наадмын нээлт, хаалтын арга хэмжээний үеэр болон медаль гардуулах ёслолын үеэр дээрх үйлдлүүдийг хийхийг хоригложээ. ОУОХ-ны “Дүрэм 50” дээр зааснаар олимпын наадмын цэнгэлдэх болон бусад наадмын бүсэд жагсаал цуглаан хийх, улс төр, шашин шүтлэг, арьс өнгөний талаарх суртал ухуулга хийхийг хориглосон аж. Энэ талаар наадмыг зохион байгуулагчид, тамирчдын төлөөлөлтэй зөвшилцсөн гэнэ.
ОУОХ-ны тамирчдын комиссын дарга, олимпийн аварга Кирсти Ковентригийн хэлснээр тамирчдын ихэнх нь дээрх шийдвэрийг дэмжжээ. 2020 оны зургаадугаар сард дэлхийн 3500 гаруй тамирчдны дунд судалгаа явуулахад 70-аад хувь нь олимпын үеэр эсэргүүцэл үзүүлэхгүй гэжээ. Харин дэлхийн Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Коэ тэргүүтэй албаны хүмүүс тамирчдыг олимпын үеэр улс төр болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэж, үйл хөдлөл, дохио зангаа үзүүлэх эрхтэй гэжээ.
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин