Энэ өдөр Майн баярыг тэмдэглэдэг байв
Хуучнаар бол өнөөдөр “Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр”, майн нэгэн. Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын нэгний өдрийг эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Энэ өдрийг дэлхийн 140 гаруй улс оронд хөдөлмөрчид өөрсдийн эрх ашгийг хамгаалахад эвлэлдэн нэгдэж, эрх баригчид болоод ажил олгогч нарт дуу хоолойгоо хүргэдэг уламжлалтай.
Майн нэгний баяр эртнээс улбаатай. Эрт дээр үед хүмүүс энэ баяраар газрын болон үржил шимийн бурханд мөргөдөг байж. Харин дундад зууны үед уг баярын мөн чанар нь өөрчлөгдсөн байна. Шинэхэн түүхэнд Майн нэгэн ажилчин ангийн тэмцэл, эв нэгдлийн билэг тэмдэг болсон юм. Эрт дээр үед хүмүүс газраа хагалж, үр суулгасны дараа тэдний хаврын их ажил талаар бололгүй, сайн ургац авахын төлөө майн нэгнийг ёслон тэмдэглэдэг байжээ. Харин 18-р зууныг хүртэл энэ баяр Улаан өндөгний баярт дарагдаж анзаарагдахгүй явж ирсэн баярыг Оросын нэгдүгээр Петр хааны үед өргөн олныг хамарсан баяр болгон тэмдэглэж тухайн үедээ “кокуй” гэж нэрлэдэг байсан аж. Харин Москвагийнхан тус хотод амьдарч байсан европчуудаас энэ уламжлалыг дамжуулан авсан эх сурвалж байдаг.
19-р зууны дунд үе гэхэд энэ баяр маш өргөн хүрээтэй тархаж хязгаар нутгийнхан тэмдэглэдэг болсон байна. Тавдугаар сарын нэгнийг тохион тэмдэглэдэг энэ баяр үндсэндээ славян үндэснүүд, тэр дундаа оросууд анх санаачлан тэмдэглэж ирсэн баяр гэж болно. Харин Майн нэгний баярыг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгож тэмдэглэдэг болсон эх үүсэл АНУ-д 1886 онд болсон үйл явдалтай холбоотой. Америкт 5-р сарын 1-ний өдөр хөлсний ажилчид нэг ажил олгогчоос нөгөөд шилжиж болдог ганц өдөр байж. Харин тэр жил ажилчид ажлын цагийг 8 цаг болгохыг шаардаж 40 мянган хүн ажил хаясан байна.
1886 оны 5-р сарын 1-нд АНУ, Канадын социалист байгууллагууд ажилчдын эрх ашгийг хамгаалж цуглаан зохион байгуулсан аж. Энэ жагсаал цуглааныг цагдаагийнхан хөөн тараахад хэд хэдэн жагсагчид амь насаа алдсан байна. Ажилчид үүний хариуд эсэргүүцэл үзүүлэх үеэр анархууд бөмбөг дэлбэлж цагдаа нар амь насаа алдсаны бурууг дөрвөн ажилчинд тохож дүүжлэн хороосон түүхтэй. Тэдэнд оноосон ял дараа нь хилс байсныг тогтоож, дурсгалыг нь хүндэтгэн 1889 онд болсон 2-р Интернационалийн Их хурлаар 5-р сарын нэгнийг бүх дэлхийн хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болгон тэмдэглэж байна гэж зарласан билээ.
1890 онд Варшавын 10 мянган ажилчид, 1886 онд буудуулсан Чикагогийн жагсагчдын дурсгалд зориулж ажил хаялт зарласан байдаг. Хорьдугаар зууны эхэн гэхэд “Хувьсгалт майн нэгний” баярыг олон улсад өргөн тэмдэглэж эхэлжээ.
Октябрийн хувьсгал ялснаас хойш энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт баяр болгон “Майн баяр”-ын анхны жагсаал 1918 онд Оросын Ходынскийн талбайд болж байв.
Харин монголчууд 1922 оноос “Майн баяр”-ыг анх тэмдэглэдэг болсон тухай баримт Үндэсний архивын газрын сан хөмрөгт хадгалагдан үлджээ.