Эрүүл нуруу бол эрүүл байхын үндэс
Эрүүл нуруу эрүүл байхын үндэс
Тийм ээ. Бидний биеийг хүн дүрстэй байлгаж байгаа, хийж буй хөдөлгөөн, дотоод эрхтэний хэвийн үйл ажиллагааны үндэсийн үндэс бол багана нуруу юм.
Олон тохиолдлуудыг дурдаж болно. Толгой нь байнга өвддөг бас зүрхээр нь хатгуулах заримдаа хэм алдах зовиуртай нэгэн өвчтөний маань нурууны дээд хэсэг хүзүү орчмыг засаж, блокийг гаргасны дараа дээрх зовиурууд ор мөргүй алга болж байсан тохиолдол бий.
Бас нойргүйдэлд орсон, ходоод нь өвддөг хүний нуруунд зохих засал хийсний дараа хэвийн болсон. Хамаатны маань нэг эгчийн хөх нь өвдөөд ямарч эмэнд өвдөлт нь намдахгүй, түүнээсээ болоод хавдартай болж гэж бодоод сэтгэл нь хямраад байсан чинь нурууны дээд хэсэгтээ багадаа унаснаас болоод гэмтэл авсанаа мэдэлгүй явсаар тэр нь хөх, цээжний хэсгийн өвдөлтийн шалтгаан нь болж байсан зэрэг олон жишээг дурдаж болно. Энэ бүгдийг хэлэхийн учир нь бидний биед, дотоод эрхтэнд маань үүсээд бгаа олон зовиурын багагүй хувь нь бидний нуруунд үүссэн гэмтэл, муруйлт, дискны гэмтэл зэргээс хамаарсан байдгийг л сануулах гэсэн юм.
Тиймээс хүн бүхэн, эрүүл байхын үнэ цэнийг ойлгодог бүхэн өөрсдийн болон ойр дотнынхны нурууг эрүүл эсэхэд санаа тавьж анхаарч байх нь маш чухал юм. Эхлээд та өөрийгөө хажуу талаасаа толинд хараад үзээрэй. Хүзүү урагшаа хэт суусан, сээрээрээ бөгтөр, ууцны хэсгээрээ их хотгор, гэдэс урагш унжсан, цээжний хөх мах унжсан байна уу? Уг нь бидний нуруу тодорхой нумаар зөөлөн нумарсан хэлбэртэй байх ёстой. Бас хэт шулуун байх нь бас эрүүл бус байдаг.
Ихэнх тохиолдолд суудлын мэдрэл дарагдсан, диск нь гэмтсэн хойно нь л гамгүй хандсанаа ойлгодог нь хэт оройтсон байдаг нь харамсалтай. Энэ асуудал хүүхдээ багаас нь цэх зөв суулгаж сургахаас эхэлж яригдах ёстой. Явахад хүртэл зөв хэвшлийг дадуулах хэрэгтэй. Хуучны сударт хүний нуруу нь олон алтан зоосыг давхарлан өрсөн мэт гэж зүйрлэсэн байдаг. Хэт зөөлөн суудал нь суух үед хүн нурууны зарим булчин хэт суларч, зарим нь огтхон ч суларч чаддаггүй. Бас телевизийн өмнө хагас суугаа, хагас хэвтээ байдлаар удаанаар юм үзэх нь нурууг жинхэнэ "алдаг". Хөлнөөсөө их даардаг хүмүүс ихэвчлэн бөөрний хүйтэн хийтэй болсон байдаг ба үүнээсээ болж нуруу нь өвддөг болдог. Учир нь бөөр бол төрийн түшмэл мэт нурууг түшиж байдаг.
Хүйтэн цементэн шалан дээр хөл нүцгэн явах нь эмэгтэйчүүд цистит тусах, цагаан юм гарах, бөөр давсагны асуудал үүсэх гадаад хүчин зүйлүүдийн нэг болдог ба мөн л нуруунд ачаалал үүсгэдэг. Багадаа ханиад томуу их хүрдэг, түүнийг нь хүчтэй антибиотекоор дардаг байсан хүүхэд томроод бөөр муутай болох нь элбэг ба бөөр нь асуудалтай бол нуруунд заавал асуудал үүсдэгийг анхаарах хэрэгтэй. Бас элэг муу бол бөөр эрүүл байх аргагүй хэмээн хуучны ухаант эмч домч нар хэлдэг байсан нь бас л учиртай.
Энэ бүгдийг орхиод яавал нуруугаа эрүүл шиг байлгах, яаж бие дааж засах зэргийг бага сага хэлье. Хаана ч суухдаа аль болох эгц, цэх суухыг хичээх хэрэгтэй. Дотроо нурууны нугасаар төмөр сум нэвт хатгасан мэт төсөөлж бодвол нуруугаа шулуутгахад нэмэртэй. Явган явж байхдаа толгойн оройгоо мэдэрч, толгойд шүргэм ойрхон тааз байна, түүнд толгойн оройгоороо шүргэхийг хичээж байна хэмээн бодож явбал явах үед нуруу цэх байж чаддаг. Гэхдээ толгойн оройгоо мэдрэхдээ үсний эргүүлэг хавьцаагаараа баримжаа авч тэр хэсгээрээ таазанд шүргэхийг хичээж байгаа мэтээр бодвол дээр байдаг. Гэхдээ ганцхан бодох биш, тэгж төсөөлж жинхэнээсээ шүргэхийг хичээж явах хэрэгтэй. Хүүхдүүд амархан мартах, залхах байдал үүсдэг. Тэгвэл тэдэнд дуртай зүйлээр нь, хайртай тамирчин зэргээр нь жишээ авч урамшуулах аргаар цэх явах суухыг хэвшүүлээрэй. Ж нь: Миний хүү цэх суувал энэ сагсчин ах шигээ өндөр сайхан нуруутай мундаг тоглогч болно г.м.
Нуруу нь эрүүл, бас дандаа дээр хэлснээр ойрхон тааз шүргэх гэж төсөөлөн бодож яваа залуус ер нь амархан өсөж өндөр болох нь бий. Бас их чухал зүйл бол зөв дасгал хөдөлгөөн, иога зэргийг аль болох тогтмол хийж байвал сайн. Биеийн бусад хэсэг адил нуруу ч бас тодорхой хөдөлгөн, сунгалт шаардаж байдаг. Нурууны сунгалт, зөв хөдөлгөөнөөр л нурууны бүхий л эд эс сэргэж, шим тэжээлээр хангагдаж шинэчлэгддэг.
Нуруунд халтай бас нэг асуудал бол илүүдэл жин. Хүн бүр л мэдэх газар даа. Бас хэт туранхай байх нь бас муу. Хүйтэн хий арвидаж шөрмөс, ясанд нь шунавал эдгэрэх нь муу архаг өвчтэй боллоо гэсэн үг. Хэт зөөлөн орон дээр өндөр дэртэй унтах нь бас сайн биш. Залуучууд аль болох хатуу талдаа орон дээр намхан дэртэй унтаад сурчихвал сайн.
Витамин Д, С, А, бас коллаген сайн хэрэглэж бвал нурууны нугалам холбогч эд, шөрмөс, дискийг чинь уян бас бат бөх болгодог гол түүхий эд чинь тэр шүү. Колаген хэрэглэвэл заавал С витамин хамт хэрэглээрэй.
Миний хэлэх гэсэн зүйл бол нурууны гэмтэл өөрчлөлтөөс болоод дотоод эрхтэнүүд өвдөөд, түүнийгээ мэдэлгүй болох болохгүй эм ууж өөрийгөө хордуулаад цаг мөнгө дэмий үрэх вий л гэх гэсэн юмаа. Тиймээс нэгэнт шинжилгээ энэ тэр өгөхөөр бол бас нуруугаа ч адилхан мэргэжлийн хүмүүст үзүүлж зураг мургаа авахуулж бгаарай.
Нуруу цэх хүн урт насалдаг, бас биеийн эсэргүүцэл сайтай байдаг.
Нэмээд хэлэхэд хатуу орон дээр унтахад хүн турдаг. Учир нь зөөлөн орон дээр унтахад биеийн булчингууд сайн суларч амарч чаддаггүй. Үүнээс шалтгаалж элэг зэрэг эрхтэнүүдэд очих цусны эргэлт муудсанаас болж цус шүүх үйл ажиллагаа сайн хийгддэггүй. Тиймээс олон хүн гүн нойрсож чаддаггүй. Хатуу, хатуувтар орон дээр унтаад сурчихаар цусны эргэлт боогдохгүй, элэг ч ажлаа сайн хийж 3-4 сард элдэв эм тан уухгүйгээр 3-5 кг хаядаг. Энийг ч бас санаж явууштай...
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах