АНУ вакцин хийлгэсэн иргэдээ амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэдийг гадуур амны хаалтгүй явахыг зөвшөөрсөн байна.
Хэрвээ вакцины бүрэн тунгаа хийлгэсэн хүмүүс ганцаараа эсвэл вакцинд хамрагдсан цөөн тооны хүмүүстэй хамт явж байгаа тохиолдолд амны хаалтаа авах боломжтой гэнэ.
Вакцинаа хийлгэсэн иргэд дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн ганцаараа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ гадуур явах, гадаад орчинд олон хүн цугларсан газарт байхдаа агаар солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болохыг зөвлөсөн байна
Харин хүн олноор цугласан байгууламж дотор эсвэл олон нийтийн газар амны хаалтаа зүүх ёстой аж.
Вакцин хийлгээгүй нэг хүн вакцин хийлгэсэн хүмүүстэй уулзвал амны хаалтаа авч болох гэнэ. Харин уулзсан хүмүүс дунд нь вакцин хийлгээгүй нэг л хүн байвал амны хаалтаа зүүх ёстойг сануулжээ.
330 сая хүн амтай тус улсад одоогоор 95 сая хүн вакцины бүрэн тунгаа хийлгээд байна.