Говьсүмбэр аймагт илэрсэн сум, галт хэрэглэлийг аюулгүй болгожээ
Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Тэсэрч, дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг ЗХЖШ-ын даргын тушаалаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд ажиллажээ.
Тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Баянмөнх “Манай аймгаас байлдааны болон сургуулийн зориулалттай тэсэрч дэлбэрэх зүйлс илэрлээ” хэмээх мэдээллийн дагуу долоон төрлийн 20 гаруй сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгосон байна.
Байлдааны зориулалттай 82 мм-ийн мина дөрөв, ПОМ3-2 явган цэрэг эсэргүүцэх мина нэг, 73 мм болон 85 мм-ийн их бууны сумны хошуу нэг, 14.5 мм-ийн галт хэрэглэлийн сум нэг, сургуулийн зориулалттай 115 мм-ийн “Т-62” танкийн сум зургаа, 125 мм-ийн сум таван ширхэгийг эрэл хайгуулаар илрүүлж, аюулгүй болгосон аж.
Тус бүлгийнхэн Говьсүмбэр аймгийн иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэдгээр сум, галт хэрэглэлийг илрүүлж, аюулгүй болгохоор орон нутгийг зорихын өмнө УОК-ын шийдвэрийн дагуу PCR шинжилгээ өгч, хариу сөрөг гарсны дараа явсан байна.