“Гадаадын том компанид ажилд орох шалгуур бүр өндөр байдаггүй”
Бид дэлхийд алдартай том компанид ажилд ороход тухайн хүнээс маш их ур чадвар, мэдлэг, туршлага шаарддаг хэмээн төсөөлж, өөрсдийн мөрөөдлөө үгүй хийсээр байдаг. Тэгвэл гадаадын том компанид ажиллахдаа юуг чухалчлах талаар Аллианз" даатгалын компанийн Австрали дахь салбарт хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Б.Цолмон “Зууны мэдээ” сонины ярилцлагадаа дараах зөвлөгөөг өгчээ.
-Анх Австралид ирээд англи хэлний курс төгсөөд, магистраа хамгаалаад, дунд зэргийн компанид хэдэн жил ажиллаж туршлага хуримтлуулж байж дэлхий хэмжээний томоохон компанид 10 орчим жилийн дараа л ажиллах боломжтой болох юм байна гэсэн төсөөлөлтэй байлаа. Томоохон компаниуд хүний нөөцөө бүрдүүлэх бодлогын хүрээнд богино, урт хугацааны, төрөл бүрийн хөтөлбөрүүд явуулдаг. Жишээ нь Summer Vacation, Cadetship, Internship болон Graduate programs байна. Миний хувьд Cadetship хөтөлбөрт хамрагдсанаар олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг том компанид ажиллах боломж олдсонд туйлын баяртай байдаг. Залуустаа зөвлөхөд сонирхож буй компаниудынхаа хөтөлбөр болон шалгуурыг нь сайтар судлаад, тэр чиглэлдээ өөрийгөө бэлдвэл ажилд орох боломж хэн бүхэнд бий. Миний хувьд бусдаас онцгойрох, гойд ур чадвар байхгүй. Бусдын адил л ажиллаж амьдарч яваа жирийн иргэн юм. Гадаадын томоохон компанид ажилд орох шалгуур нь өндөр байдаг байх гэсэн төсөөллөөс үүдэлтэйгээр хэт холын, сүрдэм санагдаж зорилго, мөрөөдөлдөө хүрэх замыг хол болгодог байж болох юм. Гол нь сониуч байж, тухайн улсынхаа онцлогт хурдан зохицож, тууштай, тасралтгүй суралцаж, өдөр өдрөөр ур чадвараа ахиулж, өөрсдийгөө сорьж үзээрэй.
Эх сурвалж:www.polit.mn