Хараалаар жаргал хийгч үндэстэн болтлоо доошоо орчихно гэж даан ч төсөөлөхгүй байна
Үлэмж хүндэтгэж явдаг буянтай буурал ах маань энэ сануулгыг хэлжээ. Би фейсбүүкээс олж аваад эндээ зураг болгочихлоо. Л.Пүрэвдорж гэх энэ эрхэмтэй лав 40 жил танил дотно явна. Тухайн цагтаа ардын армид цэргийн нэртэй сэтгүүлч, бүр хожмоо БХЯ-ыг удирдалцаж дэд сайд нь явсан, хошууч генерал, нэртэй зохиолч, жүүд судлаач хүн хэлсэн байна шүү дээ. Уншигчид минь дахин дахин сайтар унш!
Ертөнцийн шаар шавхруу болох гээгүй юм бол одоо наад хараал зүхлээ больцгоо! Монголын чөлөөт сайтуудад нийтлэлээ тавьдаг миний хувьд тэр сэтгэгдэл гэдэг нь шинэ соргог юм биш л дээ. Хараал заналхийлэл бишгүй дээ л явж байдаг, тэгэх тусам нь би адарч бичдэг. Хараал урсгаж байна гэдэг нь миний хувьд тавьсан сум маань цаад байгаа оножээ, боож үхэж босч харайтал нь дургүй зэвүүг нь хүргэж бичсэн бол би боломжийн нийтлэлч юм байна. Хараал зүхэл болон болон, зэвүүцэн зэвүүцэн, тэгсэн хэрнээ салж чадахгүй уншина гэдэг, нийтлэлийг маань бүр тэсэн ядан хүлээж анаж байгаад хараалаа урсгана гэдэг чинь би цаад нөхрийн тархийг базаж байгаагаас өөрцгүй хэмээн уншигчид маань үнэлдэг юм билээ.
Тролл гэх нэр усгүй бичигчийн тухай их ярьдагтай би хувьдаа санал нийлэхгүй. Хэдхэн нөхөр мөнгө төгрөг авчихаад зориуд бичээд байгаа гэдэгтэй тэр бүр санал нийлэхгүй. Энэ их хараал зүхэл, үзэн ядалт, заналхийлэл чинь (үг хэллэгийнх нь муу муухайг ярих юм биш!) ерөнхийдөө Монголын нийгмийн байж байгаа төрх нь, түүний шууд тусгал, нийгмийн олонхийн сэтгэхүйн тэнцвэр алдагдсаны гэрч нотолгоо гэж би үздэг.Хэд хэдэн шалтгаантай:
- Монголчуудын ихэнхи нь бухимдалтай амьдардаг. Цаг хугацаа урсан өнгөрсөөр, гэтэл бухимдал нь арилдаггүй. Бухимдал нь атаархал мөчөөрхлийг ямагт төрүүлдэг. Бухимдлын уг сурвалж нь ядуурал, мөнгөтүйтэл (мөнгөний бөөн хэрүүл), өр зээл, арчаагүйтэл, амьдралын бүтэлгүйтэл (гэр бүлийн хэрүүл, архины хэрүүл гэх мэт). Тэр их зовлонг (бас хонзонг) хорслоороо тайлж гадагшлуулахаас өөр яах юм. Үүнд нь сошиал сайтууд бэлээхэн талбар нь болдог. Тэнд л уураа гаргаж суухаас.
- Монголчуудын ихэнхи нь маш их завтай байна. Монголчуудад юу л байна зав байна. Тэр их сул дэл цагийг сошиалд өнгөрөөхгүй яах юм. Утас маажаастай түг түмэн хүн цаг л нөхцөөж байна. Хийхгүй, бүтээхгүй, сэтгэхгүй, ажиллуулахгүй учраас юу л байна, чөлөөт цаг. Эцэс төгсгөлгүй.
- Монголчууд бултаараа эрх чөлөөтэй байна. Чөлөөтэй сэтгэн бодож түүнийгээ илэрхийлж байгаагийнхаа төлөө ял авдаггүй Евразийн цөөхөн үндэстний нэг нь Монгол болсон байна. Тийм учраас сошиалд юу дуртайгаа ярьж хэлж, бичиж суух нь монголчуудын эрх чөлөөний гэрч нотолгоо. Буруутгах аргагүй.
- Монголын нийгэм ороо бусгаа цаг үеэ туулсаар байна. Даруй 30 жил (дэндүү урт!) туулчихаад үргэлжлүүлэн туулж байна. Цаг хугацаа урсан өнгөрсөөр, харин ороо бусгаа шилжилт нь дуусдаггүй. Ороо бусгаа гэдэг нь нуль адал явдал, заримдаа адал балмад явдал. Тэр бүхэн нь сошиалд шууд тусч байна.
- Монголчуудын ген, менталитет сошиалд шууд тусч байна. Нийгэм-психологийн онцлог чанар нь гэе дээ. Нүүдэлчин удамтай, бас нүүдэлчний урлаг уран сайхны хосгүй мэдрэмжтэй. Тэр нь сошиалд тэр их хараал зүхэл, заналхийлэл, доромжлолоор нь (үгийн сонголт ба толгой холболт) илэрч байна.
- Монголчууд эвлэлдэн нэгддэггүй, жалга довны үзэлтэй, хэнд ч захирагддаггүй. Буруу ишлэсэн сүхнүүд. Эвлэлдүүлэх гэж Чингис хаан 30 жил сэлмээр цавчиж, зарим овог аймгийн эрчүүдийг тэрэгний дугуйтай чацуулж байгаад цавчиж хүйс тэмтэрснийг (“Монголын нууц товчоо”) эргээд саначих. Эзэн Богд чинь аагаа багтаах гэж тэгээгүй юм, аргаа бараад цөхрөөд тэгсэн юм. Тэгж гэсгээхгүй бол болохгүй болчихсон адаарь зөрүүд ааштангууд, хорлонтонгууд учраас тэгж цээрлүүлжээ. Хэнд ч дийлддэггүй тэр ген чинь одоо ч явж л байна. Заяаны хорлонтой чанар нь өнөөдөр сошиалд очоод шигдчихсэн.
Би ингэж л авч үздэг. Нийтлэлдээ элдэв шинэ санаа, идей олох гэж би нийгмийн гүнд их явдаг. Адаглаад л лангууны хоёр худалдагч хэрэлдэхэд тэдний амнаас миний олж сонсоогүй, уран зохиолд тэр бүр байдаггүй ёгт үгс, хэллэг, шууд хуулбарлачихмаар мэргэн цэцэн үгс урсаж гарна. Надад шинэ санаа, шинэ сэдэл төрүүлнэ. Иймд би тэднийг буруутгаж чадахгүй. Хэрэлдэж л байг. Байгаа бодит байдал, төрх нь тэр юм чинь.
Тэрчлэн сошиалд урсаж байгаа их хараал хэрүүлийг буруутгах санаа надад байхгүй. Байж байгаа төрх нь энэ учраас яаж ч ухуулж уриалаад нэмэргүй. Гарц нь юу юм, шийдлийг нь хэл хэмээн агсрах биз.
Гарц шийдэл нь товч бөгөөд нэн тодорхой. Хоёр өгүүлбэрээр хэлчихье. Төр–засаг нь ард түмнээрээ ажил хийлгэ, ядаж өл өлхөөн залгах мөнгөтэй болго, өр ширгүй болго, мөнгөтэй болоод ирэхлээрээ стресс бухимдал нь алга болоод эрүүлжээд (тархи ба бие нь) хараал зүхлээ мартчихна, ядаж ичдэг болно. Хэрүүл ховоор хөөцөлдөх завгүй болно.
Гэхдээ Монголын нийгмийн аль болж бүтэхгүй, бас тэр хорлонтой чанар нь гэнэт давуу сайн тал болж хувирахыг хэн байг гэхэв. Гадаадад олон жил аж төрсөн монголчууд эх орондоо ирээд зарим нэг нь өнөөгийн энэ ороо бусгаа, адал явдалт нийгэмд дасч дурлаад сүүлдээ явахаа байчихдаг нэг хачин үзэгдэл байнаа. Монголын нийгмийн татан дагуулах увидас гэчихье. Монголд удаан суусан гадаадынхныг хөөгөөд гардаггүй, улам шигдээд байдаг чинь бас нэг юм хэлээд байна.
Манай хамаатны нэг хүү Германы Майнц хотод амьдардаг, герман бүсгүйтэй гэрлэсэн, 1988 оноос Германд байгаа хүн л дээ, өөрийгөө ба гэр бүлээ өлхөөн аваад явчих чадвартай. 2012 оны эхээр Монголыг зорьж, төрөлх эх орондоо их үйлс бүтээхээр ирэв ээ. Монголын нэртэй нэг том баян–улс төрч урьж авчраад компанидаа ажилд оруулжээ. Амласан, итгүүлсэн нь ч дүүрч. Нөгөө хамаатан маань тэрийг нь ч тоохгүй, Монголын нийгмийн “там”-ыг жил гаран туулаад бид бүр хөөж буцаасан гээч. Мань хүн ярьж байнаа. Монголд бүх юм нь сонин. Өглөө гараад л нуль адал явдал, өдөр болгон шинэ шинэ адал явдал. Адал явдалгүй ажил үйлс гэж нэг ч байхгүй, тэр бүхнийг давж туулах нэн сонин, маш сонирхолтой амьдарч байна. Манай Майнц хотод хэт нам гүм, уйтгартай, бямба-нямд бол бүр гудамжинд машин байтугай хүн ч явдаггүй, тайван нь дэндчихсэн. Гэтэл Улаанбаатарт ёстой нэг оволзож байнаа. Одоо хашаа байшин аваад эхнэр хүүхдүүдээ авчирдаг юм бил үү гэж ярьж эхэлмэгц нь бид ятгасаар Герман руу нь буцаасан юм даа.
Юу ч гэмээр юм бэ дээ? Бас манай нийгэмд сайн сайхан юм байх нь байнаа, тийм ээ!
Эргээд нөгөө сошиал руугаа очъё. Хараал урсгадаг цаад шалтгаан ба шийдэл гарцыг би биччихлээ. Хараал урсгаж байгаа сэтгэхүй-биологийн үзэгдэлд нь дүн шинжилгээ хийх аваас хараагчдын эрүүл мэндэд хортой кортизол буюу стрессийн гормон ялгарч бие эрхтэнийг нь далдуур чимээгүй сүйтгэдэг гэдгийг хараал урсгагч нөхдөд сануулъя. Тархи толгойны өвчин, даралт ихсэх, нүүр аман дээрхи идээт үрэвсэл, уур уцаартай болох, өөрийгөө хянаж чадахгүй болох, мэдрэлийн ядаргаа, зөнөгрөл гэх мэт далдын эмгэгүүд хараал бичигч тэрлэгчийг ороогоод авдаг хэмээн орчин цагийн сэтгэл зүй–анагаах ухаан нотолжээ. Цаагуураа бие тархиа хэргээр сүйтгээд яваагаа тэд даан ч ухаарахгүй. Кортизолоо л байнга өсгөөд, тэр нь өндөр яваад байна гэсэн үг шүү дээ.
Хараалаар жаргал хийгч үндэстэн болтлоо доошоо орчихно гэж даан ч төслөхгүй байна. Танагтай дээр нь татаж ав! Ертөнцийн шаар шавхруу болох гээгүй юм бол одоо наад хараал зүхлээ больцгоо!
Эх сурвалж: Баярхүү