Хатан хааны сүүдэр дор, Хаант төрийн жишиг дээр
Тэр хоёрын үерхэл олон жил үргэлжилж эцэстээ Елизабета өөрөө Филиппт санал тавьснаар 1947 онд хуримласан гэж ярилцдаг. Елизабетагийн эцэг Георг VI үгээгүй ядуу хунтайжид удам залгах охиноо өгөх дургүй байсан ч гэлээ моринд ухаангүй дуртай охин нь нэг л өдөр адуучинтай сууна гэвэл яана хэмээн айгаад грек хунтайжтай суулгачихсан гэж аливаа зүйлсийг муулах дуртай хүмүүс бичдэг. Ийнхүү хоёр талаасаа бие, биеэ олсон сайхан залуус баахан болзолтойгоор 73 жилийн өмнө ханилж байжээ. Филипп тэр өдрөөс эхлэн үнэн алдартны шашнаа христийн шашнаар сольж хуучин хэргэм цолоосоо татгалзан, овгоо Маунтбеттен болгон өөрчилж Единбургийн гүн гэдэг англи маягийн цол гуншингаар дуудуулах үүрэг хүлээлээ. Аан тийм бас болоогүй ээ, 1952 онд эхнэр нь хаан ширээнд залрах үед хатан хааны хань хунтайж-консорт цолыг өгөөгүй нь хаан удмын хүн биш гэж гадуурхсан үйлдэл болж байв. Үүнийгээ 1957 онд засч дээрх хэргэмээ олгож байжээ. Тэр цаг үеэс эхлэн хунтайж Филипп эхнэрийнхээ сүүдэр дор гэхдээ угсаат гэр бүлийн нэр хүндийг сэвтээлгүй өндөр хэргэм зиндаандаа тохируулан англичуудын талархлыг хүлээн амьдрах болсон. Олон ч оронд зочилно, түмэн зочидтой уулзана, төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдуудыг хүлээн авна, ёслолын арга хэмжээ болно. Тэр бүгдэд эхнэрээс хагас алхмын ард, хоёрдугаар байрлалд зогсон “хүндэтгэлийн дараа” гэдэг дэгээр эр хүн олон жил амьдрах бас сайхан биш шүү. Харин Филиппийн зүгээс ямар ч байсан хэвлэлийн бай болохоор буруу хазгай үг нэгээхэн ч унагаж байгаагүй юм билээ. Уг нь мань хүн буруу газар зохимжгүй өгүүлбэр унагаахдаа Англидаа л алдартай хүн байсан гэдэг. “Дөрвөн хөлтэйгөөс сандал биш бол, далавчтайгаас онгоц биш бол, усанд хөвдөг, сэлдгээс завь биш бол бусдыг нь бүгдийг нь хятадууд иддэг” гэж хэлж буруудсан, дараа нь Кени улсад зочлох явцдаа цэцгийн баглаа барьсан бүсгүйгээс “өөрөө эмэгтэй юу” гэж асуусан гэх мэт паянгууд нижгээд бий. Тэр өөрт оноогдсон хувь тавилангаа зовлон жаргалтай нь тэнцүүлэн эрх мэдэл рүү шуналгүй урт он жилүүдийг өнгөрөөж чадсан сайн хань, халамжит эцэг байсан гэж англичууд дүгнэдэг юм билээ. Хатан хаан нөхрийнхөө булшинд үлдээсэн захидлаа “Лилибетээс нь” хэмээн хаягласан байсан гэх. Англид түүнийг охин цагийнх нь нэрээр дууддаг ганцхан хүн байсан нь Филипп хунтайж байв.
Эх сурвалж: Өдрийн Сонин