Зүрхний өвчний үед айж цочино, санаа алдана, амьсгал богино болно
Зүрхний өвчний үед ямар шинж тэмдэг илэрвэл эмчид хандах вэ?
Монголчуудад дараах зүрхний өвчнүүд зонхилон тохиолддог. Тиймээс тэдгээр өвчнүүдийн үед гардаг шинж тэмдгийг хэлж өгье. Сэтгэл долгисох өвчний үед толгой өвдөнө, маш их мартамхай болдог. Өчнөөн олон юм бодож явдаг учраас мартамхай болох нь аргагүй шүү дээ. Тэгэхээр мартамхай болж байгаа нь тархи судаснаасаа бус зүрхнээсээ шалтгаалж байгаа юм.
Мөн энэ өвчний үед айж цочино, санаа алдана, амьсгал богино болно. Юм асуугаад байхад хариулахгүй, эсвэл асуугаагүй байхад учир зүггүй яриад эхэлнэ. Зүрх будангуйрах өвчний үед бас мартамхай болдог. Ямар нэгэн юманд сонирхолгүй, амьдралын идэвхигүй болдог.
Энэ нь гадны янз бүрийн зүйл нөлөөлж байгаа хэрэг биш зүрхнээсээ болж идэвхигүй болж байгаа юм. Мөн цээжин дотор чулуу дүүжилсэн мэт өөрийн эрхгүй хүнд оргидог. Үүнийг бид ходоодтой ч юмуу өөр өвчинтэй холбоод байдаг. Гэтэл энэ нь зүрхний өвчний шинж шүү дээ.
Зүрхний хийн хатгалгааны үед цээж, зүрх орчмоор хатгуулна, амьсгалаа дутуу авсан мэт санагдана, нүдний судас тодрох шинж тэмдэг илэрдэг.
Зүрхний халуун өвчнийг хүмүүс элэг цөсний өвчинтэй андуураад байдаг. Халуун өвчний үед ааш зан хувирах, нүд улайх, зүрхээр мушгирах мэт өвдөх, хамрын үзүүр хатаж, хуурайших, өвчүү болон ар нуруугаар халуу оргих, хэл хуурайших шинж тэмдэг илэрнэ.
ЭХ СУРВАЛЖ: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН