Гэмт хэрэгт холбогдсон болон хуурамч дипломтой өмгөөлөгчдийг цэгцэлнэ
Өмнөөллийн салбар шинэ хуультай, шинэ Ерөнхийлөгчтэй болоод байгаа. Тэгвэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ “Зууны мэдээ” сонины “Нэгдүгээр хүн” буланд ярилцлага өгөхдөө “Монгол Улсын хэмжээнд шүүхэд төлөөлөх эрхтэй 3251 өмгөөлөгчийн бүртгэлийг Дээд шүүхээс бид албан ёсоор хүлээж авсан боловч Улсын дээд шүүх, Хуульчдын холбооноос ирүүлсэн өмгөөлөгчдийн бүртгэлийн тоо зөрүүтэй байсныг цэгцэлж, өнөөдрийн байдлаар нас барсан, хуульчийн эрх нь хүчингүй болсон зэрэг шалтгааны улмаас 186 өмгөөлөгч дээрх бүртгэлээс хасагдах жишээтэй.
Мөн гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэлтэй өмгөөлөгчдийн мэдээллийг ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас аваад байна. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болсон найман өмгөөлөгчийн хуульчийн эрхийг хүчингүй болгуулахаар Хуульчдын холбоо руу албан тоот явуулсан. Бидний дараагийн хийх ажил бол иргэд, үйлчлүүлэгчээс ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу зарим нэг хуульч, өмгөөлөгчдийн дипломын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон хуулийн чиглэлийн их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтарч, шалгах ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ мэтчилэн хуульгүй байсан хугацаанд өрнөсөн зарим алдаатай зүйлүүдийг эмхэлж цэгцлэх ажлыг эхлүүлээд байна” гэж ярилаа.
Эх сурвалж: www.polit.mn