Шоргоолз хооллолоо гээд буян болохгүй, бас баяжихгүй?
Буян хийх нэрийдлээр байгальдаа хэвийн амьдарч байгаа шоргоолж, шувууд болон бусад амьд оршнолуудыг хорлохоо болимоор юм. Тэд чинь өөрсдөө жамаараа байгалийн нэг хэсэг болоод, ой модыг ч юмуу цэвэрлэх юмаа цэвэрлээд оршиж буй.
Харин хүн бид тэдний замд ороод ирэхээр л болохоо больдог шүү. Тэднийг тэжээнэ гээд ойн шоргоолжны үүрийг элсэн чихэр, арвайн гурил зэрэг элдэв зүйлээр дарах нь харин ч тэднийгээ үгүй хийж хоморголон устгаж байгаа гэдгийг яагаад боддоггүй толгойнууд вэ.
Буян хийнэ гэдэг чинь эцсийн эцэст сэтгэлийн боловсрол олохын тулд л биз дээ. Тэгвэл сэтгэл боловсорно гэдэг чинь өөртөө л их олз олбор олох биш, бусад бүх амьд оршихуйнуудыг хайрлаж сурахаас эхлэх ёстой байх. Хайрлах гэвэл ядаж л яаж амьдардаг, юу иддэг, юунаас хордож болдог зэргийг жаахан юм уншаад мэдэж аваад, тэр хэрээрээ бусдад тус болдоггүй юм гэхэд ус бололгүй явах чинь харин ч том буян байх шүү.
Хортон шавьжийг устгаж, бидний нөгөө хайрлах ёстой, тарьж ургуулах хэрэгтэй гээд яриад байдаг ой модыг хамгаалдаг гол хүч бол ойн шоргоолж шүү. Тэднийг хооллолоо гээд чи баяжихгүй. Харин ч тэр бүхэл омог шоргоолж, тэр ой зэргийг хамтад нь сүйтгэж байгаа ажил шүү.
Бас шувуунд өгнө гэж талх, гурилан бүтээгдэхүүн бэлдэж, өгдөг нь тэр шувуудыг эргэлт буцалтгүй өвчинд нэрвэгдэх шалтгааныг тарьж буйгаа та мэдэх үү. Ялангуяа усны шувуудыг талх зэргээр хооллоод бвал жигүүрийнх нь үенүүд үрэвсэж далавчаа хурааж чадахгүй, мөн нисэж чадахаа байхыг angel wing гэж нэрлэдэг. Ийм өвчин тусвал тэгээд л дуусаа хөөрхий тэр шувуу. Бас нэгэнт тэжээл идээд сурсан зэрлэг шувууд өөрсдөө байгалийн шалгарлыг давах чадвараа алддаг ямар нэгэн хэмжээгээр. Тэгэхээр та тэр бүх шувуудыг насан туршид нь тэжээхгүй л юм бол тэднийг хорлох хэрэггүй.
Буян хийнэ гэдгийн гол утга нь сэтгэлийн боловсрол учраас та өөрийн сэтгэлээ номхотгож, муу сэтгэл бодлоосоо ангижирч чадвал тэр чинь хамгийн том буян болох буй за.
Намхайдоржийн Цогтмандах