Халагдах цэргүүд шинэ цэргүүдийг дэглэсэн хэргийг Цагдаагийн газрынхан шалгаж дуусжээ
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Д.Гялбуужамц согтуудаа байлдагч Ц.Б-ыг зодож, амийг нь хохироосон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийнхэн үргэлжлүүлж буй. ЗХЖШ-ынхан ангийнх нь захирагчийг ажлаас нь чөлөөлөөд зогсохгүй, бусад албан тушаалтанд ч хариуцлага хүлээлгэсэн.
Энэ явдлаас өмнө зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд шинээр цэргийн албанд татагдан ирсэн залуусыг дэглэж буй бичлэг нь олон нийтийн сүлжээгээр тархсан. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрынхан шалгаж дууссан байна.
Дээрх хэргийг цэргийн албанаас халагдаад явсан Э.Мөнхбаатар, Н.Одмандах, Ц.Энхбат нар үйлдсэнийг тогтоон шалгаж дуусаад Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн аж.
Хяналтын прокурор Э.Ариунболд тэдэнд Эрүүгийн хуулийн 28.3-1-т заасан “Цэргийн дүрмийн бус байдлаар харилцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн”, 28.4-1-т заасан “Бие биедээ захирагдахгүй цэргийн алба хаагчид харилцан зодолдсон, эсхүл бусад байдлаар хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.
Улмаар өнгөрсөн долоо хоногт гэм буруутай, эсэхийг нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлож, хохирогч Э.Хүдэрчулуун, Б.Шинэбаяр, Ц.Амархүү нарыг хуралд оролцуулахаар болсон ч удирдлага нь “Цар тахлаас үүдэн цэргийн алба хаагчдыг гадагш гаргахгүй байгаа” хэмээсэн учраас ирэх сарын 5-ныг хүртэл хурлыг нь хойшлуулсан юм.