Ерөнхийлөгчийн заналхийлэлд ардчилагчид харамсал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ард түмнийг айдас хүйдэст автуулсан өдрүүд үргэлжилж байна. Өөрийг нь дахин нэр дэвших боломжгүй гэж Цэц шийдсэнд уурссан Төрийн тэргүүн эрх баригч намыг тараахаар захирамж гаргаж, Улсын Дээд шүүхэд илгээснээ гэнэтхэн зарласан.
Хамгийн цочирдом үйл явдал нь ийнхүү тэрбээр Төрийн ордонд мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т хүрч очсон явдал. Тэнд очоод юу ярьсан зэрэг нь дараагийн асуудал. Гагцхүү Монгол Улсын номер нэг албан тушаалтан төрөө тараах санаачилга гаргачхаад Зэвсэгт хүчин рүү явж очсоноор ард түмэндээ юуг ойлгуулахыг хүссэн нь гайхаш төрүүлнэ.
Тийм ээ, түүнд өнөөдөртөө зэвсэгт хүчнийг хөдөлгөх бүрэн эрх бий. Ерөнхийлөгч Х.Баттулга эрх барьж буй намаа, төрөө тараах санаачилга гаргасан нь Монголын ардчилалд заналхийлсэн үйлдэл болсныг жинхэнэ ардчилагчид дүгнэн дуугарч эхлэв.
Тухайлбал, Ерөнхийлөгчийг Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтоовол ардчилал устаж байгаа нь тэр” гэсэн бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр фэйсбүүк хуудсаарaa дамжуулан олон нийтэд хандахдаа “Ерөнхийлөгчийн сонгууль угтсан халуурал эрчээ авч байна. Ер нь энэ талцал, улайрал хэрээс хэтэрлээ. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлье. Асуудлыг хуулиар шийдье, хэлэлцэж ярилцаж, нээлттэй шийдвэрлэе, хариуцлагаа ч тооцъё. Хуультай юм, сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч ардчилалд заналхийлж эхэлснийг даган баясагчид нь илчилж эхэлсэн бол учир мэдэх нам нэгтнүүд нь эсрэг дуугарч эхэллээ.
Эх сурвалж: arslan.mn