Биеэс илүүдэл давсыг хөөх шалгарсан аргууд
Хүний бие организмд давс хуримтлагдахын хэрээр эрүүл мэндэд таагүй сөрөг үр дагаварууд гарч эхэлдэг. Тэгвэл давсны хэт их хэрэглээ нь хүний буруу хооллолттой шууд холбоотой байдаг. Давсны хоногийн дундаж хэмжээ нь 5 граммаас ихгүй байх ёстой. Гэтэл хүн бүр энэ хэмжээг зөрчдөг гэдэг нь ойлгомжтой.
Бие махбодид давс илүүдээд ирэхээр бөөр болон булчингийн эд, мэдрэлийн систем, зүрх судасны систем өвчилдөг. Эдгээр асуудлуудаас зайлсхийж, биеэс илүүдэл давсыг зайлуулах хэд хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй дүрмүүдийг хүргэе.
1.Давсны хэрэглээг хязгаарла
Биеэс илүүдэл давсыг хөөхийн тулд нэгдүгээрт давсны хэмжээг хэвийн хэмжээнд барьж байх нь зүйтэй. Хэрвээ хэмжээг хэтрүүлвэл бие махбодь 12-24 цагийн турш биеэс давсыг гадагшлуулалгүй барьж байдаг. Иймээс өдөрт хэрэглэх давсны хэмжээг 2 дахин багасгаж, өдөрт 2-3 граммыг хэрэглэх нь зохистой. Хэрэв таны цусны даралт ихсэж, хавагнадаг бол өдөрт хэрэглэх давсны хэмжээг улам багасгах шаардлагатай юм. Иймд хоногт хэрэглэх давсны хэмжээг заавал хянаж байгаарай.
2.Ус сайн уу
Бие организмаас илүүдэл давсыг хөөж гаргах хамгийн үр дүнтэй, энгийн арга бол ус сайн уух юм. Ус сайн ууснаар давс нь усанд шингэж бөөрөөр дамжин бие махбодиос гадагшилдаг. Хамгийн гол нь усыг өдрийн турш тасралтгүй бага багаар уух нь чухал. Усыг гэнэт нэг дор ихээр хэрэглэх нь натрийн дутагдалд оруулахаас гадна биед таагүй нөлөө үзүүлдэг.
3.Шээс хөөх, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглэ
Ийм төрлийн бодисуудад кофеин агуулсан унд /кофе, цай/ хамаардаг. Мөн хамгийн шилдэг, шээс хөөх ундаа бол багваахай цэцгийн үндсээр бэлтгэсэн цай юм. Түүнчлэн биеэс илүүдэл давсыг гадагшлуулахын тулд хүрэн манжин, сонгино, спаржа, салат навч, брюссель байцаа, ногоон цай, нимбэгний шүүстэй, цагаан гаатай цай, яншуй, усан үзэм, хаш, хан боргоцой, улаан лооль, ногоон навчит ногоо хэрэглээрэй. Мөн үүний зэрэгцээ усаа уухаа мартуузай. Түүнээс гадна эрдэс бодис, амин дэм, тэр дундаа онцгойлон кали хэрэглэх ёстой.
Шээс хөөх чадвартай бүтээгдэхүүний жагсаалт:
Шийгуа: Илчлэг багатай энэ жимс нь биеэс илүүдэл шингэнийг гадагшлуулж, түрүү булчирхай болон элэг, гэдэсний өвчлөлийн үед ашиг тустай.
Өргөст хэмх: Өргөст хэмхийн 70 хувь нь ус, үлдсэн хувь нь ашигтай эрдэс бодис, амин дэмээс бүрддэг. Шээс хөөх чадвартайгаас гадна бөөрнөөс илүүдэл шээсний хүчлийг гадагшлуулах чадвартай.
Нимбэг: Нимбэг болон түүний шүүс нь байгалийн гаралтай шээс хөөх бодис юм. Хаванг буулгахаас гадна судсыг холестриноос цэвэрлэж, бөөр болон цөсөнд үүссэн чулуу, элсэнцрийг зайлуулдаг шидтэй.
Анар жимс: Анар жимс нь шээс хөөх шинж чанартайгаар үл барам биеийг цэвэрлэх үйлчилгээтэй жимс гэж нэрлэгддэг.
Сармис: Сармис нь биеийг цэвэрлэх, шээс хөөх, үрэвслийн эсрэг шинж чанаруудтай.
4.Биеийн хүчний ачаалал
Дурын ямар нэгэн дасгал хийснээр та биеэсээ илүүдэл давсыг зайлуулж чадна. Дасгал хийснийхээ дараагаар ус, болон эрдэс бодис, амин дэмийг хангалттай хэмжээгээр хэрэглээрэй. Биеэс давсыг хөөх төгс дасгал бол эрчимтэй алхах, гүйх, дугуй унах юм. Тогтмол, хагас цаг хэртэй дээрх дасгалуудыг хийснээр илүүдэл давс биеэс гадагшилдаг байна.
Биед агуулагдах илүүдэл давсны талаар та юу мэдэх хэрэгтэй вэ?
Хэрвээ та архаг гипертони буюу цусны даралт ихэсдэг бол заавал эмчид хандаарай. Түүнчлэн шээс хөөх хэрэгслийг /цай болон кофег оролцуулалгүй/ хоёроос дээш өдөр хэрэглэх ёсгүй. Учир нь бие усгүйжиж, хэт ядарч сульдахад хүргэдэг.
Чихрийн шижин болоод бөөрний дутагдалтай, зүрх судасны системийн өвчтэй хүмүүс эмчтэй зөвлөлдөн илүүдэл давс гадагшлуулах эм бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжтой.
Эх сурвалж: www.7mednews.ru