К.Коулмэн “Токио-2020” олимпод “тоосоо” өргөхгүй
Аль ч Зуны олимпын наадмын торгон агшин, тодотгол шигтгээ болдог, үзэгчдийн анхаарлыг хамгийн их татдаг тэмцээний нэг нь хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн финал байдаг.
“Токио-2020” олимпын наадмын энэ зайд аварга болох тамирчны нэгд зүй ёсоор тооцогдож байсан, АНУ-ын спринтер, 2019 оны дэлхийн аварга (100м, 4х100м буухиа), 2017 оны ДАШТ-ий хошой мөнгөн медальт Кристиан Коулмэн олимпын аварга болох мөрөөдлөө дор хаяж дөрвөн жилээр хойшлуулахаас өөр аргагүй боллоо.
Тэрбээр тэмцээний бус үеэр авдаг допингийн тестийг 12 сарын хугацаанд гурван удаа тасалсан учир өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн допингийн эсрэг агентлагын шийдвэрээр хоёр жилийн бан хүртэх ёстой болсон юм. Гэвч Коулмэн Спортын арбитрын шүүхэд давж заалдсан. Харин өчигдөр CAS буюу Спортын арбитрын шүүхээс Кристиан Коулмэний шийтгэлийн хугацааг хоёр жилээс багасган, 18 сар болгохоор шийдвэрлэжээ.
Тиймээс Коулмэн “Токио-2020” олимпыг өнжихөөс өөр замгүй болж байгаа юм. Эдүгээ 25 настай, 100 метрт 2017, 2018, 2019 оны улирлын шилдэг амжилтын эзэн Кристиан Коулмэн “Доха-2019” ДАШТ-д түрүүлэхдээ 9,76 секундын амжилт үзүүлсэн нь бүх цаг үеийн тав дахь шилдэг үзүүлэлт юм. Коулмэнээс хурдан гүйсэн дөрөвхөн хүн байдаг нь Ямайкийн домогт “Цахилгаан” У.Болт (9,58 сек), АНУ-ын Тайсон Гэй (9,69 сек) болон Ямайкийн Йохан Блэйк (9,69 сек), Асафа Пауэлл нарын олимп, дэлхийн цуут аваргууд.
“Токио-2020” олимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд тэгвэл хэн түрүүлэх бол?
Гол нэрлэгдэж буй хүн бол АНУ-ын ойрын зайн гүйгч, “Доха-2019” ДАШТ-д 200 метрт болон 4х100м буухиад алтан медаль хүртсэн, энэ жил 23 настай Ноа Лайлз.
За мөн ойрын зайн гүйгчдээрээ алдартай ямайкчууд ( Жулиан Форте, Андре Эверс нар болон Йохан Блэйк?), эсвэл олимп, дэлхийн олон медальт Канадын Андре Де Грасс, АНУ-ын Майкл Норман, Трэйвон Бромелль, Ронни Бэйкер, Өмнөд Африкийн Акани Симбине, мэдээж бас нутагтаа “дассан газрын зөөлөн даавуун” дээр гүйх Японы Асүка Кэмбриж ( ямайка аавтай) , Ёшихиде Кирю нарыг ч тооцооноос хасч болохгүй байх.
Тэр баттай түрүүлнэ гэх барьцгүй, ёстой л тэр өдрийн од, аз, бэлтгэл мэдэх янзын гоё өрсөлдөөн болох шинжтэй, Токиод.
Дээр дурьдсан нэрсийг, наймдугаар сарын нэгэн, оройн 7 цаг гээд тогтоогоод авчихад илүүдэхгүй.
Эх сурвалж: Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин