Үрэгдсэн нь ч хайран, үлдсэн нь ч хайран...
Алтайн хилийн цэргийн 0214 дүгээр ангийн дугаар заставт ахлах ахлагчийнхаа амийг хөнөөн, зэвсэглэж зугтсан хоёр байлдагчийн асуудлыг тойрон нийгмээрээ хоёр талцаад хэд хонолоо. Сүүлдээ арми, иргэн гэж хоёр хуваагдаж байгаад сошиалаар дайтах янзтай.
Ахлах ахлагч Г шинэ цэргүүдэд шүлэг зохиож, дуу дуулж өгдөг байсан гэх мэдээллийн хажуугаар Ховд, Орхон сумаас татагдсан хоёр залуу сэтгэлзүйн хувьд тогтворгүй гэдгийг Отрядын эмч тогтоосон талаар мэдээлж байна. Дарга ахлагч нарийнхаа дэглэлт яргаллыг эсэргүүцсэн хоёр хүү... гэсэн нулимстай бичвэрүүд ч олон байх аж.
Надад бол үрэгдсэн залуу ч, үлдсэн хоёр залуу ч хайран байна. Адилхан хүний үрс, Монгол Улсын иргэн, ажил үүргээ гүйцэтгэж явсан ахлагч, албаа хааж явсан аавын хөвгүүд. Тэд чухам яагаад алдах болов оо? Магадгүй амиа алдсан ахлагч тэднийг дарамталдаг байсан гэж бодъё. Өөрөөсөө албан тушаал, нөхцөл байдал, насны хувьд бага залуу хүмүүсийг дарамталж дэглэх суурь хүмүүжил хаанаас бий болов?
Нөгөө талаас нь Ховд, Орхоноос цэрэгт татагдаж ирсэн хоёр хүү чухам яаж сэдэхээрээ улсынхаа хил дээр буу дуугаргаж, харуулын байрандаа хэлэлцэн тохирч хүн алаад, гар утсыг нь аваад зугтдаг билээ? Энэ үйлдлийн улмаас нэгэн сайхан аав цэл залуухнаараа амьдралаас буцаж, үр хүүхэд хань ижил нь өнчрөн үлдэж байна. Хорин нас ч хүрээгүй хоёр сайхан залуу хуулийн хэд хэдэн зүйл заалтаар ял хүлээж, амьдралын гараагаа торны цаанаас эхлэх нь. Эх орноосоо урвасан гэдэг эвгүй нэр хоч ч бас дагалдаж таарна. Улсынхаа дархан хил дээр буу дуугаргаж, хүний аминд хүрчихээд, хавийн айлаас унаа, унд ус, боорцог эргүүлдэн ууланд бүгсэн байх юм.
Энэ бүхний цаана хөндөгдөж байгаа суурь асуудал нь боловсрол, хүмүүжил шүү дээ. Боловсролын салбарын доройтол, батлан хамгаалах салбарын хоцрогдол гэсэн хоёр том сэдэв хаягдаад байна. Гэр бүлийн төлөвшил, хүмүүжлийн байдал ч бас яригдана. Багш нь ч барахаа байсан, эцэг эх нь бүр хүч хүрэхээ больсон хүнд хүүхдүүдээ цэрэгт явуулж амьдрал үзүүлнэ гэх хандлага олон байдаг нь ч нууц биш. Салбараараа хямарч доройтоод олон жил болж байгаагийн илрэл нь энэ мэтийн гэмт хэргүүд. Үндсэндээ хаягдсан салбарууд, орхигдсон орон зай л даа.
Манай боловсролын салбар анги дүүргэлт, агуулгаас эхлээд бүх талаараа хярамцаг болсон нь үнэн. Батлан хамгаалахын салбар өнгөрсөн зуунд өртөө гаталж чадалгүй үлдсэн нь ч бас үнэн. Үүний золиос нь дэглэдэг нэгэн үеийн дарга нар, дэггүй нэгэн үеийн төгсөгчид. Тиймээс үлдсэн нь ч, үрэгдсэн нь ч, аль аль нь хайран байна.
Ард нь гурван айлын амьдрал эмгэнэлд унаж, эдгэшгүй шархтай үлдлээ. Хаягдаж хоцрогдсон салбарууддаа өөрчлөлт шинэчлэл нэн даруй хийхгүй бол нэг байтугай хэдэн үеийнхэн энэ хоцрогдол ядуурлын цоорхойг амь, амьдралаараа нөхөж дийлэхгүй, нөмөрлөж барахгүй, том ангал үүсч дээ.
Р.Эмүжин