Яагаад хамгийн дотны хүмүүс хорвоо дээрх хамгийн заналт дайсан болж хувирдаг вэ?
Яагаад бидний хамгийн дотны, хамгаас хайрт хүмүүс хорвоо дээрх хамгийн заналт дайсан маань болж хувирдаг вэ? Яг энэ мөчид таны хамгийн ихээр үзэн ядаж буй нэгэн чинь хэзээ нэг цагт таны итгэж байсан эсвэл ихэд хайрлаж байсан хүн байж таардаг ихэнхдээ.
Учир нь бид хамгийн дотны бас хайртай хүндээ л бүхнээ зориулдаг ба хэр их сэтгэл зүрхээ шингээнэв төдий чинээ л нөгөө хүнээсээ хариу талархал, хайр, урамшлын халуун үгс хүлээдэг. Өөрөөр хэлбэл сэтгэлийн их хүлээлт өөртөө үүсгэдэг. Үүсэхээс ч аргагүй ба энэ нь хүмүүний л чанар юм. Хүлээсэн тэр сэтгэл нь хүссэн хариултаа, үр дүнгээ аваагүй тохиолдолд өөрийгөө гэх бардам ихэмсэг оршихуй маань шархалж хөндөгддөг ба гоморхол, цөхрөл, гутаагдсан мэдрэмж төрдөг.
Тэгэхээр тэрхүү хүлээлт нь нэг ёсны хүлээс, урхи занга гэж хэлж болно. Энэ бол нөгөөх алдарт ЭГО гээч нь ажлаа хийж буй нь тэр ээ. Мэдээж ганц нэгхэн тохиолдлоос болоод шууд л дайсан болох нь "бага байх".
Гэхдээ энэ нь олон дахин давтагдсаар байтал нэг л мэдэхэд хажууд маань харахаас ч нүд хорсох нэгэн "төрөлхтөн" бий болчихдог. Иймээс л эрх чөлөөтэй байхыг хүсэгч хэн боловч хүлээсэнд баригдалгүй, хариу нэхээгүй хайраар, тусаар, сэтгэлээр бусдад хандахыг хүсвэл өөрийн сэтгэлээ нээх, билиг ухаанаа нээгдүүлэх гарцаагүй л шаардлага гараад байгаам даа...
Уучил, чөлөөл, бясалга, орчлон ертөнцтэй нэгд... Уудам хөх тэнгэрт дүүлэн нисэх үү, өөрийн дархалсан гинжинд уягдан суух уу... Сонголт чинийх...
Намхайдоржийн Цогтмандах