Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд вакцин хийлгэж болно, болохгүй
Эрүүл мэндийн яамнаас жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд вакцин хийлгэх хэрэггүй гэдэг зөвлөмжийг өмнө нь өгч байв. Гэтэл өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Цар тахлын үед жирэмслэхээр төлөвлөж буй хүмүүс аль болох вакцинд хамрагдах хэрэгтэй. Учир нь үр тогтолт, өндгөн эс боловсрох болон жирэмслэлтэд вакцин ямар ч нөлөөгүй болох нь судалгаагаар батлагдсан.
Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг вакцин жирэмслэх асуудалд саад, эрсдэл болохгүй” гэдгийг АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг мэдээллээ. Мөн тэрээр “Маш олон судалгааны үр дүнг хараад аль ч вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхэд эрсдэлгүй гэж үзэж байна. Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол айх аюулгүй. Дараагийн тунгаа хийлгэх үү эсвэл халдвар хамгааллын дэглэмээ сахиад өөрийгөө халдвараас хамгаалах уу гэдэг нь тухайн хүний сонголт. Жирэмсэн байх хугацаандаа халдвар авсан ээжүүдэд судалгаа хийхэд урагт гаж нөлөө үзүүлэхгүй байгааг тогтоосон олон судалгааны үр дүн байна” гэлээ. Энэ мэт мэдээлэл нь хоорондоо зөрчилдөж, иргэдийг төөрөгдүүлэхээ хэзээ болих вэ Эрүүл мэндийн сайдаа.