Цар тахлын үед америкууд иргэддээ чиглэсэн ямар арга хэмжээ авав?
АНУ-д байгууллага, байшингаар нь хориогүй, бүх иргэддээ 1000, 1400 ам доллар олгов.
Америк улсад ажиглагдсан зарим онцлог зүйлүүд:
Тус улсад коронавирусын тархалтыг хязгаарлах бүх нийтийн хорио, дэглэмийг өнгөрсөн жил гаруй хугацаанд орон даяар 2 удаа мөрдүүлж, мужуудын тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлж 3 үе шаттайгаар дэглэмийн зэргийг бууруулах, тархалт ихтэй зарим мужуудад дахин сэргээх, цуцлах асуудлыг мужийн захирагч нь шийдвэрлэж байв.
Шинжилгээгээр вирус илэрсэн хүмүүсийг гэр орондоо, гэрийнхээ аль нэг өрөөнд өөрөө өөрийгөө тусгаарлахыг зөвлөсний дагуу хэн нэгнээр шахуулж, цагдуулалгүй халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталсны ачаар ихэнх өвчлөгч нь эмнэлэгт очилгүй эдгэрч байна лээ.
Корона вирус нь халдвартай шүү, хүндээр өвчлүүлнэ шүү, үхэлд хүргэх аюултай шүү, өөрийгөө болон бусдыг хамгаалах үндсэн арга нь амны хаалт зүүх, хувийн ариун цэвэр сахих, олноороо нийлж бужигналдахгүй байх гэдгийг сайтар ойлгуулж, өөрсдийг нь хариуцлагажуулан итгэл үзүүлж буй учраас байгууллагаар нь буюу байшингаар хөл хорьсон шийдвэрийг хаана ч гаргасангүй.
Америкт хэрэгжүүлсэн бүх нийтийн хорио дэглэмийн үеүүдэд дотоодын ямарч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласангүй. Харин ч ажилгүй хүмүүс, ажил нь зогссон залууст машинаа унан хүнсний бүтээгдэхүүний хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх орлогын шинэ хэлбэр идэвхтэй өрнөсөн.
Бүх үйлчилгээ, үйлдвэрлэлийг нь хааж хүнсний дэлгүүрээс өөр очих газаргүй болгосон ч иргэд хоёр зээрдээрээ болон автомашинаараа хол, ойрын цэцэрлэгт хүрээлэн, нуур цөөрмийн эрэг дагуух цэвэр агаар салхинд зугаалах, гэрийнхээ ойр орчимд алхах, гүйх, биеийн тамирын дасгал хийж эрүүл мэнд, дархлаагаа дэмжих нь нээлттэй байлаа.
Шинэ жилийн баярын үеэр зөвхөн машинтайгаа тойрч үзэх гэрлэн шоу хийж уйдсан хүмүүсийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээн, үүнийг сэдсэн, шийдсэн компани нь чамгүй л орлого олно билээ.
Агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгийн тийзний үнээ урьд хожид байгаагүйгээр хэд дахин хямдаруулсны хүчинд үзэсгэлэнт газар луу аялах буюу муж хооронд зорчигчдын урсгал нэмэгдэж, орлогын бууралт нь сэргэнэ лээ.
Хоёр дахь удаагийн бүх нийтийн хорио дэглэмийн үед хүнсний дэлгүүрүүдээс гадна нийтийн хоолны газруудын хүргэлт, нэг нэгээр нь үйлчилгээ үзүүлдэг үсчин, хумсны салон, массаж, цөөн тоогоор оруулан зай баримтлах боломжтой спортын болон төрөл бүрийн сургалтын үйлчилгээнүүдийг хязгаарлалгүй үлдээсэн.
Тус улсад 2020-2021 оны хооронд хоёр удаа хэрэгжүүлсэн бүх нийтийн хорио, дэглэмийн улмаас ажил эрхлэгчдийн орлого нь тасалдсан тул эхний удаа 1000, удаахад нь 1400 ам долларыг иргэн бүрт тараав. Иргэдийнхээ худалдан авах чадвар, амьжиргааг ийнхүү дэмжиж мөнгө тараасан өдрөөс эхлэн хүнс, барааны дэлгүүр, нийтийн хоолын газраар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж, нэг онцлох зүйл бол бүх аж ахуйн нэгж, арилжаа наймаа эрхлэгчид нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 50-70 хувь хямдруулан худалдаалж байв.
Цар тахлын улмаас ажилгүй, орлогогүй болсон иргэдийн аж амьдралыг тэтгэж зөвхөн ажил идэвхтэй хайж байгаа баримтыг нь үндэслэн сар бүр дунджаар 1500-2000 ам долларын нөхөн олговор, ажилгүйдлийн тэтгэмж авч байсан хүмүүст сар бүр 300 ам долларыг ковидын тэтгэмж болгон нэмж тус тус олгон, хатуу хөл хорио тогтоосон хоёр сарын хугацаанд бүх хүүхдүүдэд хүнсний бүтээгдэхүүн түгээв.
Их сургууль, коллежүүд онлайн сургалтанд бүрэн шилжиж, бага болон ахлах сургуулиуд танхимын болон онлайн сургалтыг хослуулж, эцэг эхийнх нь боломж, сонголтоор нь зохицуулсан.
Гончигдоржийн Энхбаяр
УБ хот, "Наранбулаг" зочид буудал