МОНГОЛ ХҮН монгол хүндээ ДУРГҮЙ
Төрийн өндөрлөгүүд нь хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж байгаад “хэн нэгэн дарга, сайдыг загнадаг” хэлбэрдэлт Элбэгдоржийн үеэс эхэлсэн. Нэг ч сайд дарга нар өөрийн буруугаа хүлээж сураагүй, хэл нь хальтраад хэлсэн бол “би буруу хэлж ярьсан байна, ийм утга агуулгатай юм аа” гээд уучлал хүсэх иргэний зориг ч байхгүй, төрийн түшээ хүний бяд ч байхгүй. Эсрэгээрээ ард түмний дуу хоолойг торгоно, шийтгэнэ ... гээд сууж байдаг.
Өдөр болгон нүд, чихэнд өртдөг зүйл нь “монгол хүн монгол хүндээ дургүй” хандлага. Нэг монгол хүн баяжихад дургүй, нэг монгол хүн хийж бүтээснийхээ өмнө зогсоод өөрийгөө өмгөөлөн бардам дуугарахад дургүй, нэг монгол хүн санаандгүй алдаа гаргахад дургүй, үнэнийг хайсан хүнд дургүй, өөрийнхөө дур сонирхол, сэтгэл зүтгэлээр нийгэмд түүчээлэхэд бас дургүй. Ингэхэд юунд дуртай монгол хүн бэ?
Дорнод, Мэнэнгийн талаас 25 жилийн турш газрын тос олборлож, алдарт тэр газрыг зүгээр л “уудам тал байсан юм” гэдэг төсөөлөл болгож байхад, хот битгий хэл олигтойхон “тосгон” ч хөгжүүлэхгүй байхад үүнийг ярьдаг нэг ч сэтгүүлч, нэг ч дарга байхгүй. Тэгсэн хэрнээ Трамп, Байден хоёрын сонгуулийг хоорондоо хэрэлдэн байж ярина. Эрээн хотын хөгжсөнийг л ам амандаа шаагилдахаас бус адилхан гараанаас эхэлсэн Замын-Үүдийн байдлыг, тэндэхийн хог новш мэт амьдралыг ярьдаггүй. Замын-Үүд 30 жилийн өмнө ямар байсан, яг л тэр хэвээрээ. Бидэнд Замын-Үүдээс алга болсон монгол охин сонин биш, наслах насаа наслаад одсон Марадона илүү сонирхолтой.
Туул гол удахгүй ширгэлээ, ундны усны нөөц сүйрлийн ирмэгт ирчихээд байна, бэлчээрийн даац хэтрээд хөрсний чанар 4 дахин муудсан байна аа, малын тоо хэт өсөлттэй байна аа гээд эрдэмтэн судлаачид нь хэлээд сануулаад байхад захын монгол “хотын цагаан гартнууд хөдөө хөхөрч, гадаа гандаж мал маллачихаад хуцаарай” гэж аашилна. Ус, хөрс, бэлчээр, ой модноос илүү Асашёорү Дагвадоржийг муулах, олимпийн Түвшинбаярыгаа өөчлөх нь сонирхолтой. Эсвэл зохиолын дуучдын гэр бүлийн хэрүүл маргаан илүү гоё сэдэв.
Төлөвшил харагддаггүй 35-аас дээш насныхан байх юм. Өөрийнх нь амьдралыг харахаар тал хагас /эхнэргүй, эсвэл нөхөргүй/, хийж бүтээсэн нэг ширхэг ч ажил, бүтээн байгуулалт байхгүй /ядаж нэг нийтлэл ч бичиж үзээгүй/, дуудаагүй уриагүй байхад бүх үйл ажиллагаан дээр уралдан ирдэг донтой, дарга нарыг харахаараа урдуур хойгуур нь гүйгээд ямар инээдэмтэй харагддагаа өөрөө ч мэдэрдэггүй, ядаж өөрийнхөө ажлыг бусдад үлгэр дуурайл болохоор сайн хийдэггүй, чөлөөт уулзалтанд биеэ зөв авч явж чаддаггүй, хэн нэгний эрх чөлөөнд, нэр төрд халддаг хүн “аливааг дүгнээд, хэн нэгнийг шүүмжлээд” явах юм. Бусдын өмнөөс бусдыг доромжилно, гүтгэнэ, хэн нэгнээс сонссон худал үнэн зүйлээ биеэрээ туулчихсан юм шиг бичнэ, ярина. Ялангуяа эмэгтэйчүүд нь эмэгтэй хүндээ дургүй, сошиалаас үүнийг бэлээхэн харчихна. Яагаад ийм араншинтай юм бэ.
Өөчилж хардаг занг хаячих тийм хэцүү юу? Монголчуудын ихэнх нь ийм зантай байх юм. Япон, герман хүн цаг барьдаг, чанарыг эрхэмлэдэг гэдэг шиг, еврей хүнийг номгүйгээр, номын сангүйгээр төсөөлөх аргагүй гэдэг шиг “монгол хүн” яг ямар эрдэм чадал, хэмжигдэхүүнээр яригддаг вэ. Монгол хүн гэхээр яг юу шууд санаанд буудаг вэ. Монгол хүн цаг баримталдаг, монгол хүн маш хөдөлмөрч, монгол хүн ном их уншдаг, эрдэм мэдлэгтэй, монгол хүн аливааг маш чанартай хийдэг... Та нар ингэж бодож байна уу?
Бидэнд үзэл санаа бий юу? XXI зууны монгол хүн ийм байна, Монгол Улс ингэж хөгжинө гэсэн үзэл санаа. Тэртээ 30-аад жилийн өмнө манай анхны ерөнхийлөгч “Азийн бар” болно гэсэн. Азийн бар болох замынхаа аль хавьд явж байна, хүмүүс ээ? Монгол хүн та эхлээд өөртөө дүгнэлт хийх, өөрийнхөө амьдралыг хэрхэн залж яваагаа харахаас эхлэх хэрэгтэй. Бусдыг муучлах, өөчлөх гэдэг бол сэтгэцийн өвчин.
Ч.Буянбадрах
Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв