Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн багш, ажилчдын сууж явсан автобус Сонгинохайрхан дүүргийн нутаг, Ар гүнтэд 2019 оны аравдугаар сарын 19-ний 11.25 цагийн үед осолдож, долоон хүн нас барсан хэрэг гарсныг уншигчид санаж буй. Тухайн үед 33 хүний суудалтай, том оврын автобусанд явсан 20 гаруй хүн бэртэж, ГССҮТ-д хүргүүлэн эмчлүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад автобусны жолооч согтууруулах ундаа хэрэглээгүйг тогтоож, бүрэн бус тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулснаас ийм явдал болсон гэж үзсэн байдаг.
Энэ осолд холбогдуулж ДХИС-ийн Авто хэсгийн дарга И.Баяржаргал, автобусны жолооч Б.Энхбат нарыг Тээврийн прокурорын газраас яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн байна. И.Баяржаргалыг нь албан үүрэгтээ хайнга хандаж техникийн бүрэн бүтэн байдлыг хариуцах ажлаа хийгээгүйгээс олон хүний амь хохирсон осол гарсан гэж буруутгаж байгаа аж.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 27.10-4.2 дахь хэсгийн “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон”, 10.6-2-ын “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон”, 11.3-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, 11.5-2 дахь хэсгийн “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Түүгээр ч зогсохгүй ДХИС-ийг иргэний хариуцагчаар татаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон гэмтэж бэртсэн алба хаагчдад нөхөн төлбөр гаргуулах үндэслэлтэй гэж прокурорын байгууллагаас үзсэн гэнэ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалан өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэхээр товлоод байна. Гэвч цар тахлын улмаас шүүх хурал болох, эсэх нь эргэлзээтэй.