Хөл яагаад урт богино болдог вэ?
Хүний биеийн 2 тал уулаасаа тэгш хэмтэй биш учир хөл урт богино байдаг нь хэвийн байдал гэж зарим хүн ярьцгаадаг нь худлаа юм. Харин хөл урт богино байгаа нь аарцагны гажилтын гол шинж юм.
Аарцаг гэдэг нь ууцны яс болон түүнтэй холбогдсон 2 сүүжний ясны нэгдсэн цогц бүтэц бөгөөд аарцагны төвд ууцны яс бүх 3 хэмжээст хавтгайд тэгш байрлан түүний 2 талд 2 сүүжний яс залгагдан дээд доод ирмэг нь нэгэн шугамд тэгш байрлаж байх ёстой. Гэтэл энэ тэгш хэм хөлөө ачиж суух, нэг тал уруугаа байнга налж суух, сандал, буйдан, жолооны ард нэг өгзгөн дээрээ хазайж суух, нэг хөл дээрээ ачааллаа хэт төвлөрүүлж зогсох, ор, өндөр сандал, орны ирмэг дээр нэг өгзгөөрөө сандайлж суух зэрэг амьдралын янз бүрийн буруу дадал хэвшлээс шалтгаалан алдагдсанаас ууцны яс хазайж, сүүжний яснууд нэг шулуун бус өндөр нам түвшинд байрлахыг Аарцаг хазайх, Аарцаг гажих гэж нэрлэдэг.
Нэгэнт аарцаг хазайсан бол хөлийн бусад яснууд ч өндөр нам түвшинд байрлах, үүнээсээ шалтгаалан хөл урт богино болох нь ойлгомжтой. Иймээс хөл урт богино болох нь аарцаг хазайсны шинж гэж ойлгоорой.
Харин аарцагны гажилт удаан үргэлжилбэл яваандаа нуруунд мурийлт үүсгэх гол шалтгаан болдог. Гэхдээ аарцагны ийм гажилтыг хэр удаан үргэлжилснээр нь хамааран 3-7 хоногт засах боломжтой.
ОХУ-ын Санктпетербург хотын Мулахаста дорно дахины бариа заслын төвийн эмч Н.Алтанхундага