Малаар дүүрэн хѳдѳѳ талдаа дураар давхилдах эрх чѳлѳѳ минь айсуй...
КОВИДГҮЙ ЗУН
\Ерѳнхий сайдын уриалгыг дэмжицгээе\
Дэлхийн хэмжээнд аюул нүүрлэсэн цар тахлын шалтгаанаар жил гаруй хугацаанд хоригдоцгоолоо. Юу эсийг узэж, юу эсийг бодоцгоов, хэхэхэ. Хүүхдүүд маань хичээлээсээ холдож, үйлчлүүлэгчгүйгээс бизнесүүд хүнд байдалд орж, ажил бас амьдрал нь зогсонги байдалд орсноос болж ѳѳр хоорондоо хичнээн маргалдан цэцэрхэж, улстѳржиж хүртэл үзэцгээлээ. Улстѳрийг огтоос хайхардаггүй энэ ѳвчний тархалт, дураар байх бидний эрх чѳлѳѳг хязгаарлав. Торонд хоригдсон шувуудын зовлон ямар байдгийг бид ханатлаа мэдэрсэн.
Ойрын хугацаанд Монгол Улсын Засгийн Газраас иргэдээ вакцинжуулах хѳтѳлбѳрийг Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. 2 сарын 23 ны ѳдрѳѳс эхэлсэн вакцинжуулалтаа шуурхай үргэлжлүүлэхийн тулд “Синофарм”, “Спутник” болон бусад тѳрлийн вакциныг 4 сард багтаан оруулж ирэн, 5 сарын 1 ний дотор Улаанбаатар хотын иргэдийг эхний тунгаар дархлаажуулах юм байна. Харин 6 сарын 1 хүртэл хѳдѳѳ орон нутгийн иргэдээ хамруулан, 7 сарын 1 гэхэд хос тун вакцинаар нийт иргэдээ бүрэн дархлаажуулж дуусгана гэнэ. Энэ аюулт цар тахлыг ингэж ялахаас ѳѳр сонголт дэлхий дахинд үгүй аж. Иргэдээ дархлаажуулахын тулд улс орон бүр боломжуудаа ашиглан ажиллаж байна.
Ѳдрѳѳс ѳдѳрт хэдэн зуугаараа илэрч буй энэ цар тахлын үед урьдын адил хорио цээр тогтоолгүй иргэдийнхээ ухамсарт найдан, ажил амьдралыг хэвийн үргэлжлүүлж байгаа нь нүүрлэж болох эдийн засгийн хямралаа тооцсоных байх л даа. Нѳгѳѳ талаасаа бусдад найдалгүйгээр бид ѳѳрсдийгѳѳ хамгаалж сурах шаардлагынх ч байх. Тэгэхээр бид вакцинтай холбоотой мухар сүсэг, элдэв цуу ярианд авталгүйгээр ѳѳрсдийн эрүүл мэндээ дархлаажуулах нь хамгийн эрхэм зорилго болно. Бас элдэв улстѳржилт, хардлагаа багасган халдвар хамгааллын дэглэмээ сахиж, нийтээрээ эрүүл мэндээ дархлаажуулан эрх чѳлѳѳгѳѳ эдлэх нь хэрэгтэй мэт.
Арвин хурын шимээр дэлхий дэлэгнэсэн дэлгэр зуны улирал айсуй. Дэлхийд ганцханд тооцогдох дэнж хотойлгосон наадам айсуй. Малаар дүүрэн хѳдѳѳ талдаа дураар давхилдах эрх чѳлѳѳ минь айсуй. Тэртээх уулсын бэлд цайрах борооны дараа солонго барих гэж гүйлдэх жаргал айсуй. Цэцэгс дүүрэн талд дээш харан хэвтэж, дураар нүүх үүлсын чѳлѳѳгѳѳр нүүрэнд тусах нарны гэрэлт таатайяа мишээх амар амгалан минь айсуй. Хамтдаа “КОВИДГҮЙ ЗУН”-ы улиралыг үзэх сэн дээ, монголчууд минь. Эрүүл байхаас эрхэм жаргал, дураар байхаас илүү эрх чѳлѳѳ үгүй аж.
Г.Галбадрах