Хулгайн замаар Дорнод аймаг руу нэвтэрсэн иргэнээс коронавирус илэрчээ
Дорнод аймагт "Covid-19"-ийн нэг тохиолдол илэрч, гамшгийн үеийн "шар” түвшинд шилжиж байгааг аймгийн Онцгой комисс мэдээллээ.
Тодруулбал, халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин гуравдугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй. Тухайн иргэнийг Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үед нь саатуулж албадан тусгаарласан байна.
Аймгийн онцгой комиссоос мэдээлснээр уг иргэн нь Дорнод аймаг руу хулгайн замаар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлажээ. Халдвар авсан иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарч, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм.
Одоогоор аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байгаа аж.